Японы мужуудад онцгой байдал тогтооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-04-22 11:56:58

ТОКИО. /Kyodo/. Токиогийн Олимпын наадам эхлэхэд ердөө гурван сарын хугацаа үлдээд буй энэ үед “COVID-19” халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болсонтой холбогдуулан Японы Засгийн газар Токио, Осака, Киото, Хиого мужид онцгой байдал тогтоохоор төлөвлөж байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ.


Ингэснээр их дэлгүүр, соёл амралтын хүрээлэнгүүдээс үйл ажиллагаагаа түр зогсоохыг хүсэх гэх мэт хязгаарлалтыг тогтоох төлөвтэй байна. Энэ нь ирэх тавдугаар сарын эхэн үе хүртэл үргэлжлэх “Алтан долоо хоногийн” амралтын өдрүүдтэй давхцах юм.


“Бид орон нутгийн засаг захиргаадтай хамтран ажиллаж, авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийнх нь талаар хэлэлцэнэ” гэж Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Засгийн газрын гишүүдтэй хийсэн уулзалтынхаа дараа мэдэгдээд, шийдвэр энэ долоо хоногт гарах төлөвтэй байгааг дурджээ.


Осака мужийн захирагч Ёшимүра Хирофүми муждаа онцгой байдал тогтоох хүсэлт гаргасны дараа Токио, Киото, Хиогогийн эрх баригчид мөн ижил хүсэлтийг төв Засгийн газартаа тавьсан байна. 

Холбоотой мэдээ