А.Зургаанжин: Хүүхэд залуусын монгол бичиг сурах хүсэл эрмэлзэл өмнөх жилүүдээс 20-30 хувь нэмэгдсэн

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-05-08 21:10:32

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн БСУГ-ын дарга, аймгийн Хэлний бодлогын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Зургаанжинтай ярилцлаа.


-Говьсүмбэр аймагт Хэлний бодлогын салбар зөвлөл хэдэн онд байгуулагдсан бэ? Салбар зөвлөлийн үүрэг, ач холбогдлыг тодорхойлох уу?

-Говьсүмбэр аймаг дахь хэлний бодлогын салбар зөвлөл 2017 онд байгуулагдсан. Аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 10-ны А/239 дүгээр захирамжаар Хэлний салбар зөвлөлийг шинэчлэн байгуулсан.

Хэлний бодлогын салбар зөвлөл байгуулснаар үндэсний бичгийн хэрэглээг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах,  идэвх санаачилга гарган ажиллаж байгаа иргэн, хуулийн этгээдийг урамшуулах, харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, үүнтэй холбоотой үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах зорилготой.

Мөн албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан бичих, төрийн алба хаагч болон иргэдийн монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хүүхэд залууст өв соёлоо эрхэмлэн дээдлэх, эх хэлээ хайрлах үзлийг төлөвшүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна

-Үндэсний бичиг үсгийн баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд аймгийн салбар зөвлөлөөс ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд төрийн байгууллагууд монгол бичгийн булан байгуулж, монгол бичгийн үзэсгэлэн болон монгол бичиг сурах аяныг өрнүүлж байна. Мөн Монгол Улсын гавьяат багш Н.Түмэн –Өлзийн нэрэмжит монгол бичгийн цахим уралдаан зарлаад байгаа.

Үндэсний бичгийн баярын өдөр аймгийн Засаг дарга цахимаар мэндчилгээ дэвшүүлэхээс гадна Монгол Улсын Гавьяат багш Н.Түмэн-Өлзийн нэрэмжит 18 дахь удаагийн ‘Үндэсний бичиг бидний өв -2021‘ цахим уралдаан, орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлэл өгч, 2021 оны ажлын төлөвлөгөө болон монгол бичиг өв соёлоо суралцах талаар уриалга  гаргав .

Мөн монгол хэл, бичгийн багш нарт цахим орчинд монгол бичиг заах арга туршлага, монгол бичгээр компьютерт бичих зөвлөмж‘ сургалт зохион байгууллаа. Үндэсний баярыг угтаж байгууллага бүр монгол бичгийн булан хийх, төрийн болон төрийн бус байгууллагуудад монгол бичиг сурах чиглэл өгч хуваарь гарган ажиллаж байна.

Албан байгууллага, аж ахуй нэгжийг гаднах болон дотор хаягжилттай болгох албан тоот хүргүүлснээс гадна үндэсний бичгийн анхан, дунд сургалтын хөтөлбөртэй болох үйл ажиллагаа өрнөж байна. Сумдын дунд “Монгол бичгийн олимпиад” зарласан төдийгүй аймгийн Номын сан, “Боржигин” чуулга  зэрэг урлаг соёлын байгууллага видео контент бүтээж бичиг соёлоо сурталчилж байна.

-Говьсүмбэр аймаг үндэсний бичигт шилжихэд боловсон хүчний хувьд бэлтгэл хэрхэн хангагдаж байна?

-Боловсон хүчний хувьд монгол хэл бичгийн мэргэшсэн багш нар цахим орчинд сургалт үйл ажиллагаа явуулж байгаа. Нийт 47 төрийн байгууллагад хуваарийн дагуу сургуулийн багш нар монгол бичгийн анхан, дунд шатны сургалтыг зохион байгуулж эхлээд байна.

Төрийн алба хаагчдын үндэсний бичгийн судалгаа, сорилыг 2021 оны дөрөвдүгээр сард амжилттай зохион байгуулж, алба хаагчдыг 100 хувь хамрууллаа.

Мөн багш нар маань “Bookwidgets цахим сайт ашиглаж үгийн сүлжээ, карт тохируулах, интерактив аргаар дасгал даалгавар хийж, олон сонирхолтой арга зүй ашиглан хичээл сургалтын үйл ажиллагаа явуулсаар байна.

Төрийн алба хаагчид болон багш нар өөрийн сурч мэдсэн зүйлсээр Flipsnack.com ашиглан цахимаар унших ном хийж бусдад түгээж байна.

-Зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар төрийн алба, ерөнхий боловсролын түвшинд ямар ахиц гарч байгаа бол?

-Зөв бичих дүрмийн 30 толь бичгийг журамласан толь апплейкшин ашиглах заавар зөвлөмжийн хамт ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарт хүргүүллээ.

Цаашид Хэлний бодлогын салбар зөвлөлөөс толь бичгийг албан байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулийн багш нарт хүртээмжтэй хангаж, алдаагүй зөв бичих дүрмийн зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж байна.

-Говьсүмбэр аймгийн хувьд бичиг соёлын дурсгалаа хэрхэн хадгалж хамгаалж байна. Энэ талаар хүүхдүүдэд соёлын өвийн боловсрол олгодог уу, салбар зөвлөл хэр анхаарч ажилладаг вэ?

-Салбар зөвлөлөөс ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд багачуудад бичиг соёлын өв дурсгалаа сурталчлах, эзэмших ажлыг тогтмол зохион байгуулдаг. “Сайхан бичигтэн-2020” цэвэр сайхан бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын хүүхдүүдийн дунд зарлаж, шагнаж урамшуулсан.

Мөн монгол бичгийн бийрэн бичлэгийн дугуйланг хичээлүүлж багш, сурагчид хамтран “Уран бийр” үзэсгэлэн гаргаж, олны хүртээл болгож байлаа.

-Эх хэлний өдрөөр аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлүүд үлгэр домог, ерөөл магтаалаа өвлөн уламжлуулах, сэргээн таниулах талаар аян өрнүүлсэн. Энэ аяны зорилго биелсэн үү?

-Жил бүрийн есдүгээр сарын 1-нийг “Эх хэлний өдөр” болгон зарлаж, бага дунд, ахлах ангийн хичээлийн хөтөлбөрийг баталж эх хэл, бичиг үсэг, ерөөл магтаалыг сурталчилдаг.

-Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэлснээр Говьсүмбэр аймгийн хэмжээнд монгол бичгийн хаягжилт нэмэгдсэн үү?

-Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран Говьсүмбэр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 91 байгууллагын гаднах хаягийг монгол бичгээр бичиж аймгийн Засаг даргын захирамжаар бүх албан байгууллагуудад хүргүүлсэн. Үүний үр дүнд монгол бичгийн хаягжилт 70 хувьтай боллоо. 2021 онд 100 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна .

-Сүүлийн жилүүдэд бидний эх хэлдээ хандах хандлага сайжирч байгаа нь харагддаг. Энэ талын судалгааг аймагтаа хийж байв уу?

-Ирэх 2025 он гэхэд төрийн албан хэрэг хос бичигт шилжихтэй холбогдуулан үндэсний бичиг үсгээ сурч мэдье гэсэн хандлага нэмэгдсэн төдийгүй хүүхэд залуучууд идэвх санаачилгатай суралцаж байна.

Иргэд, хүүхэд залуусын монгол бичгээ сурах хүсэл эрмэлзэл өмнөх жилүүдээс 20-30  хувь нэмэгдэж, уралдаан тэмцээнд амжилттай оролцдог боллоо.

-Ярилцсанд баярлалаа.  

Холбоотой мэдээ