Дэлхийн улс орнуудад халдварын нөхцөл байдал ямар байна вэ?

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-07-22 19:05:26

Дэлхий даяар коронавирусний халдварын тохиолдлын тоо одоогийн эрчээрээ нэмэгдсэн хэвээр байвал халдвар авсан хүний тоо ирэх гурван долоо хоногт 200 сая давж болзошгүйг ДЭМБ анхааруулаад байна. Ийнхүү дэлхийн улс орнуудад халдварын нөхцөл байдал ямар байгааг танилцуулъя.


Дэлхий дахин вакцинжуулалтын түвшнийг нэмэгдүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын бүх зургаан бүс даяарх олон оронд халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдсэн хэвээр байв. Тухайлбал, халдварын хамгийн олон шинэ тохиолдол Индонез, Их Британи, Бразил, Энэтхэг, АНУ-д илэрсэн байна.


Коронавирусний хувилбаруудын тархалтыг авч үзвэл, “Альфа” хувилбар 180 улс оронд, “Бета” хувилбар 130 оронд, “Гамма” хувилбар 78 оронд, “Дельта” хувилбар 124 оронд илэрчээ. Үүнийг өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулбал, “Альфа” зургаан оронд, “Бета” долоон оронд, “Гамма” гурван оронд, “Дельта” 13 оронд шинээр илэрчээ.


ДЭМБ-ын мэргэжилтнүүд халдварын тархалт нэмэгдэж буйд дараах дөрвөн хүчин зүйлс холбоотой гэж үзэж байна. Үүнд:

  • Илүү хурдан халдварладаг хувилбаруудын тархалт нэмэгдсэн
  • Олон нийтийн мөрдөж буй халдвар хамгааллын дэглэмийг сулруулсан
  • Хүмүүс олноороо цуглах нь ихэссэн
  • Вакцины тэгш бус хуваарилалтын улмаас маш олон хүн халдвар авах эрсдэлтэй хэвээр байгааг онцолжээ.

ОХУ

“Дельта” хувилбарын тархалттай тэмцэж буй ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 23704 шинэ тохиолдол илэрч, 783 хүн халдвараар нас баржээ. Халдварын тохиолдлын тоогоор дэлхийд дөрөвдүгээр жагсаж буй тус улсад халдвар авсан хүний тоо зургаан сая даваад байна.


БНХАУ

БНХАУ-д лхагва гарагт коронавирусээр дотоодод халдварласан 12 шинэ тохиолдол илэрсний 11 нь Жянсу, нэг нь Юньнань мужид бүртгэгджээ. Мөн тухайн өдөрт хилийн чанадаас 38 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн байна. Тодруулбал, Юньнаньд 21, Гуандунд долоо, Сычуаньд тав, Шанхай, Шааньсид тус бүр хоёр, Хунаньд нэг тохиолдол зөөвөрлөгдөн иржээ.


БНСУ

БНСУ-д өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо пүрэв гарагт хоёр өдөр дараалан хамгийн олноор нэмэгджээ. Ойрын өдрүүдэд халдварын үзүүлэлтүүд нэмэгдсэн хэвээр байвал Сөүлийн бүсэд хатуу хязгаарлалтыг сунгах төлөвтэй байна. Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1842 тохиолдол илэрсний 1533 нь дотоодод халдварласан байна.


Сөүл хотын бүсэд халдварын үзүүлэлтүүд нэмэгдсэнтэй холбоотойгоор долоодугаар сарын 7-ноос хойш улсын хэмжээнд өдөрт илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоо тогтмол 1000 давах болжээ. Түүнчлэн зуны улиралд хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдсэнээр халдвар орон даяар тархаж байгаагийн зэрэгцээ хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тархалт мөн нөлөөлж байна.


Япон

Токиод лхагва гарагт халдварын 1832 тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн зургаа дахь өндөр үзүүлэлт болжээ. Мэргэжилтнүүдийн хувьд, Японд Олимпын наадмын өмнө халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор халдварын тав дахь давлагаа эхэлсэн байж магадгүй гэж үзэж байна. Мөн хэрэв халдвар энэ эрчээрээ тархвал өнгөрсөн өвлийнхөөс хүнд нөхцөл байдал үүсэж болзошгүйг анхааруулжээ.


АНУ

АНУ-д халдварын шинэ тохиолдлын 83 хувийг “Дельта” хувилбар эзлэх болсныг тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв анхааруулаад байна. Хоёр долоо хоногийн өмнө энэ үзүүлэлт 51 хувьтай байсан юм. Одоогийн байдлаар, АНУ-ын бүх муж улсад өдөрт бүртгэгдэх халдварын шинэ тохиолдлын тоо хоёр долоо хоногийн өмнөхөөс нэмэгдэх болоод байна.


Европ

Европ даяар “COVID-19”-ийн тохиолдол долоодугаар сард өссөн хандлагатай байна. Европын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн /ECDC/ долоо хоног тутмын хамгийн сүүлийн тайланд дурдсанаар, энэ сарын 11-ний байдлаар 100 мянган хүн тутамд 89.6 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Уг үзүүлэлт нь долоо хоногийн өмнө 51.6 байжээ. “ECDC”-ийн таамаглаж буйгаар, цаашид энэ байдлаараа өсвөл долоодугаар сарын эцэс гэхэд 622.9 болж, нас барсан хүмүүсийн тоо ч мөн нэмэгдэж болзошгүй байна.


Турк

Туркт энэ сарын 21-нд халдварын 8151 тохиолдол илэрсэн нь өмнөх өдрийнхөөс 600 гаруйгаар буурсан үзүүлэлт болсон хэдий ч энэ сарын 4-нд 4418 тохиолдол бүртгэгдэж байсантай харьцуулахад ойролцоогоор хоёр дахин өндөр хэвээр байна. Хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тархалтад олон нийт санаа зовниж буй энэ үед халдварын тохиолдлын тоо ийнхүү нэмэгдэж байна.


Энэтхэг

Энэтхэгт пүрэв гарагт халдварын 41383 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 31 257 720-д хүрсэн байна. Мөн лхагва гаргийн өглөөнөөс хойш 507 хүн халдвараар нас барж, ийм тохиолдлын тоо 418 987 болжээ.


Эх сурвалж: CNN, Moscow Times, Xinhua, Yonhap, Japan Times, Fortune, Euronews, Al-Monitor, NDTV

Холбоотой мэдээ