Канадын залуу теннисчин Америкийн нээлттэй тэмцээний финалд шалгарлаа

Дэлхийд | Спорт
nyamtulga@montsame.gov.mn
2021-09-10 12:27:39
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /WTA/. Канадын залуу теннисчин Лайла Фирнандез Америкийн нээлттэй тэмцээний финалд шалгарлаа.


Тэрбээр “WTA”-н дэлхийн чансааны 73-т эрэмбэлэгддэг ба хагас шигшээ шатны тоглолтдоо дэлхийн чансааны хоёрт бичигддэг Беларусын тамирчин Арина Сабаленкатай учраа таарч, 2 цаг 20 минут тоглосны эцэст 7-6(3), 4-6, 6-4 харьцаагаар хожжээ.


Өнгөрсөн даваа гарагт 19 нас хүрсэн Фирнандез энэ тэмцээний финалд хамгийн залуудаа шалгарч байгаа Канадын хоёрдахь тамирчин болсон юм. Өмнө нь 2019 онд Бианка Андреску Америкийн нээлттэй тэмцээний финалд 19 настайдаа үлдэж, түрүүлж байв.


Залуу тамирчны хувьд Их дуулга тэмцээний гуравдугаар тойрогт “WTA”-н дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгддэг, өнгөрсөн оны аварга Наоми Осакаг, дөрөвдүгээр тойрогт чансааны 17-д эрэмбэтэй, Америкийн нээлттэй тэмцээний 2016 оны аварга Анжелика Керберийг, шөвгийн наймд чансааны тавд бичигддэг Елина Свитолина нарыг хожсон юм.


Ийнхүү хамгийн залуудаа дэлхийн чансааны шилдэг таван тамирчны гурвыг нь ялж шигшээ шатанд шалгарч үлдсэн хоёр дахь тамирчин болж байна. Түүний өмнө Серена Виллиамс 1999 оны Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлэх үедээ дээрх амжилтыг гаргаж байжээ.


Фирнандез тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр, “Энэ тоглолтод бид хоёр хоёулаа л сайн тоглохыг хичээсэн нь гарцаагүй. Өрсөлдөгч маань тоглолтыг гайхалтай эхлүүлсэн боловч би оноо бүрийн төлөө тэмцэж чадсаныхаа хүчинд ялж чадлаа. Баяртай байна. Би довтолж тоглохыг хүсээгүй. Зүгээр л давуулалтаа алдахгүй байхад л анхаарч, амжилттай төгсгөж чадсандаа баяртай байна. Хоёрдугаар үеийн тоглолтод хожих боломж байсан ч хэд хэдэн алдаа гаргаж хожигдсон. Харин гурав дахь үед сайн тоглон ялснаар шигшээд шалгарч чадлаа” гэж хэлсэн байна.


Тэрбээр аваргын төлөө Их Британийн залуу теннисчин Эмма Радукану болон Грекийн тамирчин Мария Саккари нарын аль хожсонтой нь тоглох юм.


Холбоотой мэдээ