“Toyota” компани “Lexus” брэндийн цахилгаан автомашинаа энэ онд худалдаанд гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-04-21 16:41:01

ТОКИО. /Asahi/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани тансаг зэрэглэлийн “Lexus” брэндийнхээ анхны цахилгаан хөдөлгүүртэй автомашинаа энэ оны сүүлээр худалдаанд гаргана гэдгээ лхагва гарагт мэдэгджээ.


Тус компани нь 2030 он гэхэд Европ, Хойд Америк, Хятадын зах зээлд нийлүүлэх “Lexus” брэндийн бүх автомашинаа цахилгаан хөдөлгүүртэй болгохоор зорьж байна. 


Lexus RZ” автомашин нь бүтэн цэнэгээр 450 км зам туулах хүчин чадалтай байна. Энэ өвөл худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа энэхүү автомашины үнэ, худалдаанд гаргах зах зээлийн талаар удахгүй мэдээлэх ажээ.


Одоогоор “Lexus” брэндийн автомашинуудыг Хойд Америк, Хятад, Европын зах зээлд голчлон худалдаалж байгаа бөгөөд эдгээр улс орон, бүс нутаг нь нийт борлуулалтынх нь 80 гаруй хувийг эзэлдэг байна. Түүнчлэн эдгээр зах зээлд цахилгаан тээврийн хэрэгслийн эрэлт улам бүр нэмэгдэж байгаа тул “Toyota” компани “Lexus RZ” автомашинаараа хөл тавихаар төлөвлөж байгаа ажээ.


Өнгөрсөн 12 дугаар сард тус компани 2030 он гэхэд дэлхий даяар худалдаалах цахилгаан тээврийн хэрэгслийнхээ тоог 3.5 саяд хүргэх зорилт дэвшүүлснээ мэдэгдсэн бөгөөд нэг саяыг нь “Lexus” брэндийн автомашинууд эзлэх тооцоо гарчээ. Японы автомашин үйлдвэрлэгч 2035 он гэхэд дэлхий даяар худалдаалах “Lexus” брэндийн бүх автомашинаа цахилгаан хөдөлгүүртэй болгох зорилго тавьсан байна.


Мөн тус компани дан цахилгаан автомашин үйлдвэрлэх зорилт дэвшүүлсэн компаниудын эгнээнд нэгдэхээр төлөвлөж байгаа юм. Германы “Audi”, “Mercedes-Benz” брэндүүдийн хувьд 2026, 2030 он гэхэд бүх автомашинаа цахилгаан хөдөлгүүртэй болгохыг зорьж байгаа тул тансаг зэрэглэлийн цахилгаан автомашины зах зээлийн өрсөлдөөн цаашид улам ширүүсэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ