Богдхан уулын тухай ном нэгээр нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2015-10-06 14:39:46

Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгат ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болон “Дархан цаазат Богдхан уул” номын нээлт, эрдэм шинжилгээний хурал өнөөдөр БОНХАЖЯ-нд боллоо.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэлэхдээ, “Богдхан уул бол Монголчуудын хувьд үнэт зүйл юм. Гайхалтай сайхан өв соёлоо харуулж байгаа. Уул ус, байгаль орчноо хайрлая гэвэл хогоо хаяхгүй байхад л болно. Энэ нь мянга мянган жил өвөг дээдсээс минь уламжилж ирсэн байгалиа хадгалж, хүндэлж байгаагийн илэрхийлэл юм” гэв.

Тус номын ерөнхий редактороор СГЗ, эрдэмтэн зохиолч Л.Одончимэд ажиллажээ. Тэрбээр, “Н.Батцэрэг сайдын “Дархан цаазат Богдхан уул” номын өмнөх үгэнд хэлсэн байгалиа хамгаалах гэдэг нь төр, шашин, иргэдийн нэгдмэл уламжлалт зан үйл юм гэж хэлсэн нь их оносон үг байна. Богдхан уулын тухай магтаал, дуу, шүлэг, найраглал бол хэдэн арваараа тоологдох байх. Харин ном бол цөөхөн. Найман бүлэгтэй, Богдхан уулын домог яриа, түүхийн баримт, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн бодит мэдээлэлд тулгуурласан, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой энэхүү ном нь олон нийт, сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутнууд, эрдэм шинжилгээний ажилтан гээд бүхий л хүмүүст хэрэгтэй  ном болжээ” хэмээн онцлов.

Эрдэм шинжилгээний бага хуралд Хустайн байгалийн цогцолборт газрын зөвлөх, доктор, профессор Ц.Өөлд “Богдхан уулын санал зөвлөмж”, Биологийн ухааны магистр Р.Энхтуул “1988-2008 оны Богдхан уулын судалгааны ажлын тойм”, Шинжлэх ухааны академийн “Ботаник хүрээлэн” эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор О.Энхтуяа “Богдхан уулын ургамлын тухай” сэдвээр илтгэл тавьсан юм.

Тус арга хэмжээнд БОНХАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв болон бусад газрын дарга нар, эрдэм судлаачид, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын хамт олон оролцов.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд