Д.Сэлэнгээ Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Энэ тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнийн удирдлага дор гурван тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ хүрэл медаль хүртлээ. Д.Сэлэнгээ пара байтын ДАШТ-ий хүрэл медаль ба “Токио-2020” паралимпэд эх орноо төлөөлөн өрсөлдсөн тамирчин юм.
Тэрбээр пара байт харвааны Азийн АШТ-ээс медаль хүртсэн Монголын хоёр дахь тамирчин болов. 2004 оны тус тэмцээнээс “Бээжин-2008” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав алтан медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын Ази тивээс авсан цор ганц медаль байсан юм.