Хилийн усны хэлэлцээрийг Монголд зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын Засгийн хоорондын хилийн усны хэлэлцээрийн бүрэн эрхтийн болон ажлын хэсгийн хуралдаан ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хотод болж өнгөрчээ.
Тухайлбал, “Хилийн усыг хамгаалах, ашиглах” тухай Монгол Улс, ОХУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан ажлын хэсгийн гишүүд Улаан-Үд хотноо хоёр өдөр хуралдсан байна. Ажлын хэсгийг ОХУ-ын талаас Енисей мөрний сав газрын захиргааны дарга, Монголын талаас Усны газрын дарга ахалдаг юм.
Хилийн усны хэлэлцээр, ажлын хэсгийн хурлууд нь дэлхий дахинд олон улсын эрх зүйн шинжлэх ухааны тун чухал судлагдахуун, онолын болон практик ач холбогдол бүхий үйл явц байдаг. Хөрш улсууд айл хүний амь нэг байж, нэг голын хүүхдүүд гэсэн байдлаар асуудалд хандах нь дэлхийн бүх улсын хувьд усны бодлогын үндэс болдог. Аливаа хоёр талт харилцаа, уулзалтуудын хамгийн чухал хэсэг нь уулзалтаас гарах тэмдэглэл буюу протокол бэлтгэх түүнд гарын үсэг зурах процесс ажээ.
Хилийн усны хэлэлцээрийн дагуу хоёр улсын Засгийн газрын
бүрэн эрхт төлөөлөгч, хоёр орлогч, комиссын гишүүдийн хамт ажиллаж, жил бүр
бүрэн эрхтийн уулзалт, ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулж тухайн жилийн
хилийн устай холбоотой асуудлуудыг ярилцдаг, харилцан мэдээлэл солилцдог
журамтай. Эдгээр хуралдаан энэ жил ОХУ-д, ирэх жил Монгол Улсад зохион байгуулахаар
болсон байна.