Бизнес эрхлэгч В.Рамасвами ерөнхийлөгчийн сунгаанаас нэрээ татлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2024-01-16 16:29:29

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 16 /Reuters/. Биотехнологийн компанийн захирал асан Вивек Рамасвами ерөнхийлөгчийн сунгаанаас нэрээ татаж, Ерөнхийлөгч асан Дональд Трампыг дэмжинэ гэдгээ мэдэгдлээ. 


Өдгөө 38 настай тэрбээр Айова муж улсад болсон Бүгд найрамдах намын анхан шатны сонгуулиас хангалттай олон санал авч чадаагүй байна.


Охайод Энэтхэгийн өмнөд нутгаас ирсэн цагаачдын гэр бүлд төрсөн В.Рамасвами нь 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах Бүгд найрамдах намын сунгаанд оролцсон нь олныг гайхшруулсан юм.


Айовад болсон Бүгд найрамдах намын сунгаанд 7.7 хувийн саналаар дөрөвдүгээрт орсныхоо дараа тэрбээр "Надад дараагийн Ерөнхийлөгч болох боломж байхгүй" гэж Дү Мүэйн хотын дэмжигчидтэйгээ уулзахдаа хэлсэн байна.


Сонгуулийн кампанит ажлын туршид Д.Трампыг хүчтэй хамгаалж байсан В.Рамасвами нь залуу насны жавхаа, зузаан халаас, хурц түргэн яриа, дайчин кампанит ажлынхаа ачаар Бүгд найрамдах намд байр сууриа бэхжүүлсэн байх магадлалтай.

Холбоотой мэдээ