Бүсчилж хөгжүүлэх бодлого ба өнөөгийн шаардлага

ТОЙМ
uranatuya@gmail.com
2024-02-05 13:41:13

Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх тухай асуудал сүүлийн үеийн гол сэдвүүдийн нэг хэвээр байна. Оны өмнөхөн Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Нэг ёсондоо хот суурин хийгээд хөдөө нутгийн хэт ялгаатай байдлыг засах, ард иргэдийн амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх, улсын хөгжлийг түргэсгэхэд чиглэсэн бодлого баримтлах жил болж байна.


Монгол Улс одоогоос хорь гаруй жилийн өмнө бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай болсон ч хэрэгжилт нь зорилгодоо хүрээгүйгээс гадна, түүнийг хэрэгжүүлэх Засгийн газрын хөтөлбөрүүдийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон учир шинээр боловсруулах шаардлага гарсан байна.


2001 онд Улсын Их Хурлаас баталсан үзэл баримтлалын зорилгод, “... хүн ам, үйлдвэрлэлийн өнөөгийн зохисгүй бөөгнөрлийг задалж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах, үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх дотоод, гадаад таатай орчныг бүрдүүлэх” гэсэн хэсэг бий. Ийм шаардлага өнөөдөр ч хэвээр байна.

Хэдэн арван жил бүсчилсэн хөгжилд анхаарал хандуулалгүй явж ирсний үр дагаврыг өнөөдөр монголчууд нийтээрээ амсаж байгаа билээ. Хөдөөд хөгжил саарч, хотод хэт төвлөрлөөс үүдсэн олон бэрх асуудалтай нүүр тулаад буйг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг орхигдуулж ирсний уршиг гэдэгтэй бүх салбарын судлаачид санал нэгддэг. Манай Улсын хувьд газар нутаг уудам том боловч нийслэлдээ хүн амын тэн хагас нь төвлөрсөн нь бүсчлэн хөгжүүлэх тухай асуудлыг дахин, илүү далайцтай ярих гол шалтгаан болж байна. Өнөөдөр нийслэлийн утаа, түгжрэлээс өгсүүлээд бусад олон асуудал бэрхшээлийн үндэс суурь нь хөдөө нутаг нь хөгжлөөс холдож, амьжиргаа дагасан иргэдийн нүүдэл зөвхөн Улаанбаатар болон бусад төв суурин руу чиглэсэнтэй шууд холбоотой. Одоо манай улсын нийт хүн амын 47 хувь, нийт худалдаа үйлчилгээний 80 хувь, ДНБ-ий 63 хувь нь Улаанбаатарт төвлөрч байна.


Өнгөрсөн 30 жилд Улаанбаатарт 700 мянга гаруй иргэн шилжин ирсэн нь 8 аймгийн хүн амтай тэнцэхүйц тооны хүн нийслэлд аж төрөх болсон гэсэн үг. Тэр хэмжээгээр хөдөө дэх эзгүйрэл буюу хөгжлийн ялгарал хоцрогдол үзэгдэж байгаа юм. Энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд сануулах болсон. 10 хүн тутмын 7 нь төв сууринд амьдарч байна. Улаанбаатараас бусад бүсэд хүн амын өсөлт 1.5-3 хувиар буурсан, эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 2010 оноос хойш Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Өмнөговиос бусад нутагт буурах хандлагатай болсныг харуулах судалгаа Статистикийн мэдээллийн санд байна. Нэг үгээр хэлбэл, зөвхөн Улаанбаатар хөгжлийн төв нь болж хувираад хөдөө орон нутаг хөгжлөөс хол хоцорч, иргэд тэнд ажиллаж амьдрах боломж хомстох болжээ. Нийслэл дэх хэт бөөгнөрөл, хөдөөгийн эзгүйрлийг харахад хөдөө, хотын аль нь ч зохистой байдлаар хөгжиж чадаагүй гэсэн үг.


2045 он гэхэд Монгол Улсын хүн ам 5 саяд хүрч нийслэл дэх хүн ам түүний 57 хувийг эзэлдэг болно гэсэн төсөөллийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байдаг. Харин хөдөө орон нутаг дахь хүн амын өсөлт ажиглагдахгүй байгаа юм. Ямар боловч бүсчилж хөгжүүлэх бодлогыг яг өнөөдрөөс эрчимтэй хэрэгжүүлж эхлэхгүй л бол хүн амын төвлөрөл нийслэлд улам ихээр асуудал дагуулж, орон нутагт амьдрахад улам бэрх болох нь тодорхой байгаа юм. Тиймээс л бүсүүдийг харилцан уялдаатай тогтолцоогоор хот, хөдөөгийн ялгаагүй тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын нутагшил, суурьшлын олон төв байгуулах, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдийн орон нутагт шилжин суурьших таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор бүсчилсэн хөгжлийн тухай асуудлыг эрчимтэй ярьж эхэлж буй юм. Энэ бодлого нь одоо “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын салшгүй нэг хэсэг нь болж хэрэгжинэ гэж буй.

Газар нутаг уудам том, цөөн хүн амтай, ашигт малтмалын болон хөдөө аж ахуйн нөөц ихтэй гэх мэт олон онцлог байдал нь манай улсыг зайлшгүй бүсүүдэд хуваан хөгжүүлэх шаардлагатайг харуулдаг.  Хэрэв улсын нийт нутаг дэвсгэрийг дотоод зах зээл хөгжих бололцоо, газар зүйн байрлал, байгаль, түүхий эдийн нөөц зэргээр нь бүсүүдэд хуваан, эдийн засаг, дэд бүтцийг нь тухай тухайн бүсэд шийдэж чадвал Улаанбаатарын ачааллаас хуваалцах, зөвхөн нийслэл тийш чиглэсэн нүүдлийн зам бусад хөгжлийн бүс төвүүд рүү салаалах боломж нээгдэх юм. Маш энгийн гаргалгаа боловч багагүй хугацаа шаардагдах ажил.


2001 оны босоо бүсчлэлээр боловсруулж гаргасан бодлого нь эдийн засгийн коридор, эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгоход тухайн цаг үедээ өөрийн үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэсэн. Мөн 21 аймгийг хатуу хучилттай замаар холбосон дэд бүтцийн том ажлыг дурдаж болно. Гэсэн хэдий ч аливаа улс орон бүсчлэн хөгжих чиг хандлагаа цаг үеийн өөрчлөлтийг даган шинэчилж байх нь зүй ёсных. Хорь гаруй жилийн хугацаанд улсын эдийн засаг, нийгэм, байгаль орчны төлөв байдал, дэлхий нийтийн чиг хандлага гээд олон зүйл өөрчлөгдсөн. Зах зээлийн орчин, дэд бүтцийн нөхцөл, улс төр эдийн засгийн бие даасан байдал, байгалийн баялгийн олборлолт үйлдвэрлэл гээд маш олон талаар ахиц дэвшил үзэж яваа манай улсын хувьд улс орноо хөгжүүлэх бодлогоо дахин шинэ хэлбэрт оруулах, асар уудам газар нутгаа бүсээр ангилах, бүс бүрийг тэгш түвшинд хурдтай хөгжүүлэх нь эн тэргүүний зорилго байхаас гарцаагүй юм. 


Өмнөх бүсчилсэн хөгжлийн зорилго бүрэн дүүрэн биелээгүйн шалтгааныг сонгуулийн тогтолцоо, татварын бодлого, төсөв, хөрөнгө оруулалтын бодлогод алдаа эндэгдэл буйг судлаачид хэлдэг байсан бол өнөөдөр тэдгээрийг өөрчлөн засах алхмууд хийгдсэн. Хамгийн гол зүйл болох сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг манай улс тун саяхан хийж амжуулаад буй. ҮХНӨ-өөр сонгуулийг шинэчилсэн, томсгосон тойргоор явуулах болсонтой холбогдуулж бүсчлэн хөгжүүлэх бодлогоо харилцан уялдаатай хэрэгжүүлэх бололцоо нээгдэх магадлалтай. Сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт орсон нь улс төрчид улс орны хөгжлийг зөвхөн нэг аймаг, хэдхэн сумын түвшинд харж, хөрөнгө оруулалт, төсвийг үр ашиггүй жижиг сажиг зүйлд зарцуулдаг санхүүгийн сахилга батгүй байдлыг халах сайн талтай. 21 аймаг, 7 тойрог бүхий сонгуулийн энэхүү шинэчилсэн тогтолцоо нь бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулахад ч илүү дөхөм болсон гэж судлаачид үзэж байгаа юм. Нэг ёсондоо илүү далайцтай бодлогоор улс орныг хөгжүүлэх боломж хуулийн хүрээнд шийдэгдэж байна гэсэн үг. 


2001 оны үзэл баримтлалаар бол Монгол Улсын нутаг дэвсгэрийг Баруун, Хангайн, Төвийн, Зүүн гэж босоо тэнхлэгээр дөрөв хувааж, Улаанбаатарыг бие даасан бүсийн жишгээр хөгжүүлэх байв. Харин энэ удаад бүсүүдээ хэвтээ болон босоо тэнхлэгээр холбон Говь, Хангай, Баруун, Зүүн, Төв, Хойд гэсэн зургаан бүсэд хувааж хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулаад байгаа юм. Гурваас дөрвөн аймаг нэг бүсэд харьяалагдах бөгөөд тэдгээр бүс нь нэгдсэн төлөвлөлтөөр бодлого хэрэгжүүлнэ. Тодруулбал,


  • Баруун бүс – Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий
  • Хойд бүс - Булган, Орхон, Хөвсгөл
  • Зүүн бүс – Дорнод, Сүхбаатар, Хэнтий
  • Хангайн бүс – Архангай, Баянхонгор, Өвөрхангай
  • Говийн бүс – Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь,
  • Төвийн бүс – Дархан –Уул, Сэлэнгэ, Төв гэсэн бүсүүдэд ангилаад байгаа. Харин Улаанбаатарыг төр, эдийн засаг, соёлын бүс болгохоор тусгажээ.


1. Баруун бүсийн тэргүүлэх чиглэл нь эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээг хөгжүүлэх,

2. Хойд бүсийн тэргүүлэх чиглэл нь шинжлэх ухааан технологи, аж үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан,

3. Зүүн бүсийн тэргүүлэх чиглэл нь боомтын хөгжил тээвэр логистик, эрчимжсэн мал ахуй, хил орчмын аялал жуулчлал,

4. Хангайн бүсийн тэргүүлэх чиглэл нь төрөлжсөн аялал жуулчлал. / Археологи, амралт, рашаан сувилал, шашин гэх мэтчилэн)

5. Говийн бүсийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд уул уурхай, хүнд үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэлийг анхаарах,

6. Төвийн бүсийн тэргүүлэх чиглэлд эрчим ХАА, хүнсний үйлдвэрлэл, хил орчмын аялал жуулчлал багтаж байна


Ингэж нутаг дэвсгэрийг бүсчлэн ангилж, сул хөгжилтэй бүс хийгээд хөгжлийн ирээдүй сайтай бүс нутаг, хот суурин тус бүрд ялгавартай бодлого явуулах нь хөгжлийн тэнцвэр алдагдахаас сэргийлэх хамгийн зөв шийдэл. Тухайн бүс дотроо аймаг, сум бүрийн голлон эрхлэх аж ахуйн чиглэлийг оновчтой тогтоон, өөр хоорондоо хоршин хөгжих бизнесийн орчныг бүрдүүлэх, дотоод, гадаад зах зээлтэй зохистой холбоо тогтоох ухаалаг зохицуулалт хэрэгтэй юм. Бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэл хөгжүүлж, чөлөөт бүсүүдийг оновчтой байршуулахын тулд хувийн хэвшлийнхнийг татвар, зээл, хөрөнгө оруулалтаар дэмжих бодлого баримталбал үр дүн сайтай гэдгийг олон салбарын эрдэмтэд зөвлөдөг. Ингэвэл улсын төсвийн ачааллыг хуваалцах, орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээний өрсөлдөөн идэвхжих, эдийн засаг төрөлжин хөгжих, ахиж дээшлэх боломж ч бий болдог байна.


Мэдээж бүсчлэлийг зөвхөн аймаг, орон нутгийн онцлогт тулгуурлахаас гадна хоёр хөршийнхөө эдийн засгийн онцлогийг харгалзан өөрт ашигтай хувилбараар нийцүүлэх  нь чухал билээ. Тиймээс хоёр хөрштэйгөө эдийн засгийн коридор байгуулах, зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг хөгжлийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлэх нь зүй юм. Энэ утгаараа хэвтээ болон босоо тэнхлэгийг холбосон бүсчлэл нь өнөөгийн нөхцөлд илүү тохиромжтой аж.

Бүсчилсэн хөгжлийн бодлогод дахин анхаарал хандуулж байгаа энэ үедээ төлөвлөгөө тодорхой, төр, хувийн хэвшлийн оролцоо тэгш, шинжлэх ухаанч судалгаатай, эдийн засаг, эрх зүйн зохицуулалт сайтай, иргэний нийгмийн харилцан зөвшилцлийг орхигдуулахгүй байх нь чухал юм.



Холбоотой мэдээ