Израилын төлөөлөгчид хэлэлцээ хийхээр Египетэд иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-02-13 10:18:55

ТЕЛЬ-АВИВ, 2024 оны хоёрдугаар сарын 13 /JP/. Израилын гадаад тагнуулын газрын /Моссад/ дарга Дэвид Барни, аюулгүй байдлын албаны дарга Ронан Бар, Батлан хамгаалах армийн генерал Ницан Алон нар барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаар хэлэлцээ хийхээр мягмар гарагт Каир хот руу явжээ. 


Хэлэлцээнд мөн АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс, Египетийн тагнуулын газрын дарга Аббас Камел, Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдель Рахман Аль Тани нар оролцоно. 


"Уулзалтын үеэр талууд ХАМАС-ын барьцаанаас олон хүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ" гэж “Jerusalem Post” сонинд бичжээ.


ХАМАС бүлэглэлийнхний хувьд, барьцаалагдсан хүмүүсийг Израилын шоронгуудад хоригдож буй палестинчуудаар солилцох, мөн Газын зурваст түр гал зогсоох нөхцөл болзлыг тавьж байгаа юм. 


Израилын эрх баригчид ХАМАС-тай түр эвлэрэх, барьцаалагдсан хүмүүс болон хоригдлуудыг солилцох хэлэлцээр байгуулахын тулд үргэлжлүүлэн ажиллах ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Цагаан ордонд Иорданы хаан II Абдуллатай хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


Харин Иорданы хаан Газын зурваст байлдааны ажиллагааг зогсоохыг уриалаад дайн дуусах ёстой гэж мэдэгджээ.


Ж.Байден, II Абдулла нар мөн Палестины Рафах хотод явуулж буй Израилын цэргийн ажиллагааг буруушааж байгаагаа мэдэгдлээ. 


Израилын арми ням гарагт Рафах хотод агаараас цохилт өгч эхэлжээ. Цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Газын зурвасын хойд хэсгээс дүрвэсэн 1.5 сая орчим хүн буюу нийт оршин суугчдын талаас илүү хувь нь тус хотод толгой хоргодож байгаа юм. 


Израилын армийн командлал мэдэгдэхдээ, өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС-т барьцаалагдсан хоёр хүнийг сулласан гэжээ. 



Холбоотой мэдээ