Японы эрх баригч намын даргын сонгуульд есөн улстөрч өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-09-12 12:54:30

ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 12 /TASS/. Есдүгээр сарын 27-нд болох Японы эрх баригч Либерал ардчилсан намын (ЛАН) даргын сонгуульд нэр дэвшигчээр есөн улстөрч бүртгүүлжээ. Сонгуульд ялсан улстөрч тус улсын шинэ Ерөнхий сайдаар томилогдоно.


Нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтийг орон нутгийн цагаар 10:15 цагт намын төв байранд хүлээн авч дуусжээ. Японы одоогийн засгийн газрын дөрвөн гишүүн ЛАН-аас парламентад сонгогдсон 20-иос доошгүй гишүүдийн буюу нэр дэвшихэд авах шаардлагатай хэмжээний дэмжлэгийг авсан байна. Эдгээр улстөрч бол Гадаад хэргийн сайд Камикава Ёко, сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хаяши Ёшимаса, эдийн засгийн аюулгүй байдлын сайд Такаичи Санаэ, Цахимжилтын асуудал эрхэлсэн сайд Коно Таро нар юм. 


Эдгээр улстөрчөөс гадна ЛАН-ын одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Мотэги Тошимицү, Батлан хамгаалахын сайд асан Ишиба Шигэрү, Ерөнхий сайд асан Коизүми Жүничирогийн хүү, Байгаль орчны сайд асан Коизүми Шинжиро, Эрүүл мэндийн сайд асан Като Кацүнобү, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Кобаяши Такаюки нар намын даргын албан тушаалд өрсөлдөнө. 


Харин Захиргааны хэрэг, харилцаа холбооны сайд асан Нода Сейко, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Сайто Кен, мөн парламентын дээд танхимын гишүүн Аояма Шигэхарү нар нэр дэвшихээр төлөвлөж байсан боловч намаас парламентад сонгогдсон гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй байна. 


Сонгуулийн кампанит ажил есдүгээр сарын 12-нд буюу өнөөдөр эхэлж байна. Нэр дэвшигчид сонгуульд ялахын тулд нийт саналын талаас дээш хувийг авах ёстой. Гэхдээ эхний шатанд нэр дэвшигчдийн хэн нь ч ялахгүй төлөв харагдаж байна. Энэ тохиолдолд хоёр дахь шатны сонгууль болох бөгөөд парламентад сонгогдсон гишүүд бүгд дахин санал өгөх бол бүс нутаг дахь салбарууд ердөө 49 санал өгөх ажээ. Тиймээс парламентад сонгогдсон намын гишүүдийн санал шийдвэрлэх чухал үүрэгтэй. 


ЛАН-ын одоогийн дарга бөгөөд Ерөнхий сайд Кишида Фүмио намын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй, албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдсэн юм. ЛАН улс төрийн хандив цуглуулах явцдаа санхүүгийн тайлангийн зөрчил гаргасан гэх дуулианы улмаас Засгийн газрын нэр хүнд түүхэн доод хэмжээнд хүртэл унаад буй энэ үед тэрбээр уг шийдвэрийг гаргажээ. 



Холбоотой мэдээ