Монгол Улсын анхдугаар Үндсэн хуульд хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг шингээсэн нь
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл, МУБИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Болдбаатар, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга асан, академич Ж.Амарсанаа нартай 1924 оны Үндсэн хуулийг баталсан түүх, ач холбогдлын талаар ярилцлаа.
-Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталсны 100 жилийн түүхэн ой тохиож байна. Энэ хууль түүхэн ямар нөхцөл байдлын дунд батлагдаж байсан бэ?
- С.Нарангэрэл: Монгол улс хүчирхэг байж, 13 дугаар зуунд дэлхийд амар амгаланг тогтоож явсан монголчууд Чингис хааны эв нэгдэлтэй байх гэрээслэлийг хөсөрдүүлсний улмаас хагаралдан тэмцэлдэж байв. Ингээд 1911 онд Монголын бүх давхарга Үндэсний эрх чөлөөний төлөө нэгдэж Монгол улсын тусгаар тогтнолыг эргэн сэргээн тогтоосон. Энэ үеэс эхлээд монголчууд гадаад бодлогодоо бие даахаар 1912 онд Орос, Монголын гэрээ, 1913 онд Төвөд, Монголын гэрээ гээд хэд хэдэн, олон улсын гэрээг бие дааж байгуулсан. Түүнчлэн “Монгол улсын хууль зүйлийн бичиг” нэгдгэн төрөлжүүлсэн томоохон хуулиа өөрсдөө боловсруулан баталж хэрэгжүүлж эхэлсэн. Түүнийгээ 1921 оны хувьсгалаар олж авч, 1924 онд Үндсэн хуулиараа баталгаажуулсан юм.
-Ч.Болдбаатар:
Монголд 1921 онд ардын эрхтэй засаг тогтсоны дараа шинэ засгийн бүтэц ямар байх
талаар манай сэхээтнүүд хоорондоо зөвлөлдөж өөр өөрийн төсөл, танилцуулгыг хийж
байсан. Тэр үед Ардын засгийн газрын ерөнхий сайдаар Д.Бодоо ажиллаж байв.
Түүний 1921 онд ардын эрхтэй хэмжээ цаазат засгийн хэлбэртэй байхаар
боловсруулсан үндсэн хуулийн төсөл бий. Бодоогийн үзэл баримтлал үйл ажиллагааг
судлан үзвэл, тухайн үеийн нөхцөл байдалд нийцсэн үндсэн хуультай болохыг
эрэлхийлж байсан нь харагддаг. Яагаад вэ гэхээр, төрийн чухал нэг институц нь хаан.
Ийм учраас хаантай нөхцөлд хурлын байгууллагыг яаж байгуулах вэ гэдэг дээр
нэлээд толгойгоо гашилгаж байсан байдаг.
Ардын засгийн
газраас Богд хаантай 1921 оны 11 дүгээр сарын 1-нд “Ардын эрхт хэмжээт цаазат
засгийн үндсэн хуулиудыг баримтлан тогтоосон гол дүрэм хэмжээ” гэсэн гэрээ
/Тангаргийн бичиг/ байгуулсан. Энэ баримт бичгээр Богд хаан засгийн газрын
харилцааг зохицуулсан, шашин төрийн хэргийг тусгаарласан шинжтэй. Түүнийг
залгуулаад “Засаг ба засаг бус ван, гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм” гэх мэт дүрэм
байгаа. Ийм олон эрх зүйн акт нийлэн байж үндсэн хуулийн хэв маягийг тогтоох
санааг Д.Бодоо бодолхийлж явжээ.
Цэвээн гуай
1914 онд Сайн ноён хан Намнансүрэнгийн шийдвэрээр Улсын эрх гэдэг зохиолыг
бичсэн. Энэ зохиол дээрээ улсын хурлын байгууллагыг яаж байгуулдаг, хоёр
болон нэг танхимтай хэдэн улс байдаг, тэд улс гэрээ яаж байгуулдаг, сонгуульт
засаг яаж тогтдогийг маш дэлгэрэнгүй тайлбарласан. Энэ зохиолыг 20
гаруй улсын Үндсэн хуулийг судалж бичсэн байгаа юм.
Богд хаан 1924 оны 5 дугаар сард нас барсны дараа, 6 дугаар сарын 13-нд хуралдсан МАХН-ын Төв хорооны бүгд хурлын тогтоолоор Монголд Бүгд Найрамдах Засаг тогтоон явуулах шийдвэр гаргасан. Түүнд нийцсэн Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Б.Цэрэндорж гуайгаар толгойлуулан 10 дугаар сард байгуулсан. Ажлын хэсэг богино хугацаанд Үндсэн хуулийг хийсэн байдаг.
-Монгол Улс
анхдугаар үндсэн хуулийн ач холбогдлын юу юуг та онцлох вэ?
-С.Нарангэрэл: Монгол Улсын тусгаар
тогтнолыг баталгаажуулсан. Түүнээс гадна 1911 оноос өмнө харийн гүрнүүдтэй
байгуулсан олон улсын гэрээ, өр зээл, зэргийг бүгдийг хүчингүй болгосон. Мөн
энэ хуулиар гадаад худалдаагаа өөрсдөө авч явах онц эрх тогтоосон, дээр нь
төрийн тогтолцоог шинэчилсэн. Тухайлбал, улсын бүх эрх мэдлийг Улсын их хуралд,
хууль тогтоох эрх мэдлийг Улсын бага хуралд, гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн
газар, Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн дунд олгосон.
Мөн өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчин байгуулах, цэргийн боловсрол олгохоор болсон. Энэ хуулиар жагсаал цуглаан үйлдэх, хэвлэн нийтлэх, үг хэлэх, хоршоо, үйлдвэрчний эвлэл байгуулах, үнэ төлбөргүй сурч боловсрох маш олон эрхтэй болсон байх жишээтэй. Энэ хуулийн ололттой талууд дараа дараагийнхаа Үндсэн хуулийн агуулгад шингээд явсан даа. Зарим хэсэг нь 1992 оны Үндсэн хуульд залгамжлагдсан заалт ч бий. Жишээ нь, 1924 оны Үндсэн хуулиар газар, түүний баялаг ой мод, ус бүгд нийтийн эзэмшлийнх байх тухай эртний монголчуудын ойлголт 1992 оны Үндсэн хуульд уламжлагдсан байдаг.
Энэ Үндсэн
хууль 6 бүлэг 50 зүйлтэй. Яг хууль баталсан тогтоол дээр 51 зүйлтэй гэж
тэмдэглэсэн байдаг. Бид 51 дэх зүйл нь юу юм бэ гэдэг дээр эрэл хайгуул хийж
байгаа. Харин 1926 онд Үндсэн хуулийг тайлбарласан дэвтэр дээр бол 50 зүйлтэй
болгоод явсан байгаа юм.
Ж.Амарсанаа:
Сүүлийн үед манайхан ОХУ-ын Үндсэн хуулиас хуулсан, хуулаагүй, өөрсдөө зохиосон
гээд байгаа. Тэгэхээр энэ хууль бол европ, дэлхийн иргэншилт улсуудын соёлыг Монголд
нутагшуулах анхны оролдлого байгаа юм. Монголын малчин, феодалууд, одоогоор
бол сэхээтнүүд албан хаагчид нийлж байгаад боловсруулсан аймаг орон нутгаас
ирсэн төлөөлөгчид цуглаж ард түмэн өөрсдөө баталсан хууль. Энд европ шиг хаант
засгийг түлхэн унагасан зүйл байхгүй. 1924 оны Үндсэн хуулийн оршилд Богд хааныг
өөд болсон учраас Бүгд найрамдах засгийг гаргаж ирэх шаардлагатай гэдэг утгаар гаргаж
ирсэн л дээ. Үндсэн хуульд байх бүтцийг тусгаж өгснөөрөө Монгол улсын дараа
дараагийн Үндсэн хуулийн үндэс болсон юм.
Монгол улс,
хятад улсыг тусгаар тогтнолоо зарлахаас өмнө 1911 оны 12 дугаар сарын 29-ний
өдөр тусгаар тогтнолоо зарласан. Тэгэхэд 28-ны өдөр Бээжинд байгаа Нью-Йорк
таймс сонины Монгол улс тусгаар тогтнолоо зарлах гэж байна гэж бичсэн /надад
сонины хуулбар байгаа/. Дараа нь манай Үндсэн хууль гарангуут Бээжинд сууж
байгаа сонины төлөөлөгч “Монгол улс шинэ Үндсэн хуулиа баталж тусгаар тогтносон
улс гэдгээ нотолж чадлаа” гээд бичсэн байна.
- 1924 оны
Үндсэн хууль 1940, 1960, 1992 оны Үндсэн хууль ямар хэмжээгээр уламжлагдсан
байдаг вэ? 1924 оны Үндсэн хууль монголчуудад ямар сургамж үлдээсэн бэ?
С.
Нарангэрэл: 1924 оны Үндсэн хууль Монголын уламжлалт нүүдлийн соёл
иргэншлийг авч үлдэх, монголчуудын төрт ёсоо авч явсан өв уламжлалыг авч үлдэх
чиглэлээр уламжлагдаад ирсэн тал байдаг.
Монголчууд энэ
Үндсэн хууль, түүнийг дагаж мөрдсөнөөс хойш дахин давтаж болохгүй, маш хатуу
сургамжуудыг хойч үеийн бидэнд үлдээсэн. Монгол Улсад 1924 оны Үндсэн хуулиар
тоталитар дэглэм тогтох Үндсэн хуулийн эрх зүйг бий болгосон юм. Энэ юу вэ
гэхээр, зөвхөн нэг үзэл суртлыг дангаар нь авч явах ёстойг Үндсэн хуулиар
хуульчилсан, Өөрөөр сэтгэгчдийг маш хатуу харгисаар гэсгээх нөхцөлийг
бүрдүүлсэн. Түүнчлэн цэргийн хатуу сахилга бат бүхий нэг нам улс орныг удирдах
байдал руу оруулсан байна. Түүнийг 1992 оны Үндсэн хуулиар засаж залруулах
оролдлого хийгдсэн. Мөн энэ хуулиар Монголын элит давхаргыг устгах эрх зүйн
үндсийг тавьжээ. Энэ бол тухайн үеийн Монголын нийгмийг тэргүүлэх элит хэсэг
болж байсан. Засаг ноёдууд, хутагт хувилгаадыг улс төрийн алба хаших, сонгох
сонгогдох эрхийг хасаж, эд хөрөнгийг нь хураах, яваандаа нийтээр нь хоморголон
устгах байдал руу орсон. Үндсэн хуулийн энэ алдааг бид цаашдаа ерөөсөө давтаж
болохгүй.
Мөн энэ Үндсэн
хуулиар хүний өмчийг хориглосон. Хувийн өмч хүний сурч боловсрох, бүтээх,
тууварлах, өөрийн төдийгүй бусдын олон талын эрэлт хэрэгцээг хангах, аливаа
шинэ зүйлийг санаачлах хүн өөрөө бие дааж амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг. Түүнийг
энэ Үндсэн хуулиар хааж монголчуудыг бэлэнчлэх, зөвхөн төрийн гар харах байдал
руу оруулсан. Энэ нь анхны Үндсэн хуулийн түүхэн сургамжийн хэсэгт багцалж
онцолж хэлэх ёстой гэж үзэж байна.
Ж.Амарсанаа:
1924 оны Үндсэн хуулийн уг санаа, эх өнөөдрийн Үндсэн хуульд байж байгаа. Анхны
Үндсэн хуулийг зарим судлаачид өөрчлөлт ороогүй 1940 он хүрсэн гэдэг, тийм юм
байхгүй. Энэ хугацаанд уг Үндсэн хуульд 10 орчим өөрчлөлт орсон байдаг. Тэдгээр
өөрчлөлтийн талаар ямар нэг номд оруулаагүй.
1940-1960 оны Үндсэн хуулийн хөгжил гэж бий. Гэтэл 1949 оны Үндсэн хууль гэж 30 гаруй нэмэлт өөрчлөлт орсон том хууль гарсан байдаг. Энэ нь 1940 оныхыг шинэ болгосон Үндсэн хууль. Баг нь сумаа, сум нь аймгаа сонгодог ч юм уу олон шаттай сонгуулийг иргэн шууд парламент УИХ-аа сонгодог болсон, энэ бол их том дэвшил юм. Мөн гараа өргөдөг нээлттэй сонгуулийг нууц болгосон. 1960 оны Үндсэн хууль коммунизм байгуулахад Үндсэн хуулийн зарим зүйл заалт хүчингүй болно гэсэн зорилготой хууль. Гэхдээ 1924 оныход социализмын нийгэм журам, коммунизмыг эв хамт журам гэж коммунизмын үзэл санааг суулгаж өгсөн байдаг. Гэхдээ дэлхийн хөдөлмөрчид ийм зорилготой байна. Бид түүнийг дагах нь зөв гэдэг байдлаар бид байгуулна гэж тунхаглаагүй. Энэ мэт санаа нь хадгалагдаад л яваад байсан байгаа биз дээ.
1960 оны Үндсэн хуулийн дараа 1990 онд Үндсэн хуулийн нэмэлт гэж хууль
гарсан. Энэ нэмэлтээр 2 бүлгийг хүчингүй болгоод, төрийн дээд эрх барих ёс УИХ,
УБХ, Ерөнхийлөгч гэдэг институцийг бий болгосон. УИХ-аас УБХ-ыг байгуулахаар
болсон. Энэ хоёр хурлыг зарим судлаач 2 танхимтай парламент гэж яриад байгаа
юм. Энэ бол биш, нэг шаттай 2 парламент, УИХ-ыг ард түмнээс сонгоод тэнд авсан
саналынхаа пропорцоор УБХ-аа байгуулсан юм. Монголын хувьд энэ УБХ байнгын
ажиллагаатай анхны парламент болсон онцлогтой. Богд хааны үед 1914-1918 онд ажиллаж
байсан улсын дээд, доод хурал түүнийг хүмүүс парламент гэдэг, парламентын шинжтэй
байж болно. Гэхдээ шууд парламент биш доод хурлаараа ороод зөвшөөрвөл, дээд
хурлаар ордог, дээд хурлаар орсныг Богдын зарлигаар баталдаг технологитой
байхгүй юу. Ингээд 1990 оны Үндсэн хуулийн нэмэлтээр байгуулагдсан УБХ эхэлж
хэлэлцээд, дараа нь УИХ хэлэлцэн 1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсан.