Гэр бүлийн тухай хуулийн зохицуулалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-03-07 15:36:27

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гэр бүлийн үнэ цэн, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийн саналыг сонсож, холбогдох хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилготой хэлэлцүүлгийг “Чингис хаан” үндэсний музейд зохион байгууллаа.   


Энэхүү хэлэлцүүлгээр орчин цагийн гэр бүлийн хөгжилд гарч буй шинэчлэл, өөрчлөлт, хөгжил төлөвшил, сайн жишээ, эерэг шинэ хандлагын талаар харьцуулж, дүгнэнэ. Мөн гэр бүлийн тухай хуулийн зохицуулалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгох сайжруулах талаар төрийн байгууллага болон иргэдийн саналыг сонсож, шийдэл олоход чиглэжээ.  


УИХ-ын гишүүн М.Нарантуяа ярихдаа, “Гэр бүл хамгааллын шийдэл нь гэр бүлийн утга учир, үнэ цэн, монгол гэр бүлийн үнэт зүйлс, итгэл үнэмшил, нөлөөлөх хүчин зүйл, сэтгэлгээний өөрчлөлт, хамгаалан авч үлдэх, сайжруулах, бүрмөсөн шинэчлэх, эрэмбэлэн цэгцлэх хэрэгцээ шаардлага, гэр бүл хамгааллын бодлого шийдлийн тухай нэгдмэл ойлголт, цаг үеийн шинэ мэдлэг мэдээлэл нэн чухал байна” гэв.  


Энэхүү хэлэлцүүгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, ХЭҮК, ЦЕГ хамтран зохион байгуулсан юм.



 

Холбоотой мэдээ