Э.Халиунболд: “Тал нутгаас Дакарт” төслийг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-03-12 09:36:32

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монголын авто, мото спортын хамгийн шилдэг тамирчдын нэг Монгол Улсын гавьяат тамирчин Э.Халиунболд эх орондоо иржээ. Тэрбээр саяхан АНЭУ-ын Абу Даби хотноо болсон дэлхийн цуврал уралдаанд амжилттай оролцсон юм. Түүний хувьд өдгөө АНУ-ын Лас Вегас хотноо ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тэндээ бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Түүнийг АНУ руу буцахаас нь өмнө цөөн хором ярилцлаа.


-ДАШТ-ий цувралд оролцоод иржээ. Тэмцээний талаар товч мэдээлэл өгөх үү?

-Гэмтэл аваад хоёр жил орчим мотоцикль унаагүй. Ингээд гурван жилийн өмнөөс мотоциклио бага багаар унаж өөрийгөө дасгасан. АНЭУ-ын Абу Даби хотод болсон цуврал тэмцээнээр дараагийн шинэ карьераа эхлүүлж байгаадаа баяртай байна. Энэ цувралд нийлбэр дүнгээр 14 дүгээр байр эзэлсэн. Харин “Ралли”-гийн хоёр ангилалдаа долдугаар байранд орсон.


-Шинэ замналаа эхлүүлж байгаагаа хэллээ. Дараагийн оролцох тэмцээнээ төлөвлөсөн үү?

-Миний оролцсон энэ уралдаан гурван цувралаас бүрддэг юм билээ. Сая болж өндөрлөсөн уралдаанаас ихийг ойлгож, багагүй туршлага хуримтлууллаа. Тиймээс үлдсэн хоёр цувралд нь оролцох хүсэлтэй байна.


-Өмнө мотокросоор уралддаг байсан. “Дакар ралли”-д оролцохоор төлөвлөж байгаа гэж сонссон. Энэ тухай мэдээлэл өгч болох уу?

-Мэдээж адилхан техник унаж байгаа учраас ойролцоо байна болов уу. Харин холын зайд уралддаг тул төлөвлөгөө боловсруулах, зурган дээр ажиллах чадвараа сайжруулах шаардлагатай юм байна. Ерөөсөө “Дакар ралли”-д уралдана гэдэг тэр чигээрээ багийн ажиллагаа. Тиймээс энэ тал руу анхаарлаа түлхүү хандуулна. Мэдээж уралдааны бэлтгэлээ ч хангана. Миний хувьд “Тал нутгаас Дакарт” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Төслийн хүрээнд тамирчны замналаараа баримтат кино хийнэ. Гол зорилго нь тамирчин хүний тэсвэр хатуужлыг бодитоор харуулж, сэтгэл зүйтэйгээ хэрхэн ажиллаж амжилтад хүрдгийг үзүүлнэ. Нэг тамирчны амжилтын ард ямар их хүний хүч хөдөлмөр шингэдгийг харуулахыг зорьж байна.


-Мото спортоор хичээллэх сонирхолтой залууст хандаж юу хэлэх вэ?

-Надаас олон хүүхэд утсаар, мессежээр зөвлөгөө авахыг хүсдэг. Утсаар ярих, бодитоор сургах хоёр тэс өөр зүйл. Тиймээс энэ зун эх орондоо ирж залуучууддаа зориулсан сургалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

 

 

Холбоотой мэдээ