Олон улсын иргэний нисэхийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, номхон далайн бүсийн төвийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хэрэгжилт хариуцсан Сусанта Ди Сильва, Техникийн туслалцаа хариуцсан Ражу Шреста нарыг хүлээн авч уулзжээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажил хийж байгаа энэ үед Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-аас төлөөлөгчид ирж ажиллаж байгаад талархал илэрхийлж, агаарын тээврийн салбар өргөжиж нисэхийн аюулгүй байдлыг хангах нь чухал асуудал болохыг дурдсан байна.
ОУИНБ-ын Ази, номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хэрэгжилт хариуцсан Сусанта Ди Сильва ярихдаа, “ОУИНБ-д 193 гишүүн улс байдаг бөгөөд 10 мянга гаруй стандартыг мөрдөж ажилладаг. Урьдчилсан байдлаар Монгол Улсын агаарын тээврийн аюулгүй ажиллагааны боловсон хүчний чадавх, дүрэм журам сайн байгаа ч аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг сайжруулахын тулд дүрэм журмыг илүү сайжруулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх, навигацийн үйлчилгээг сайжруулах, бүсийн нислэгийн удирдлагын нөөц төвийг байгуулах шаардлагатай” гэв.
Төлөөлөгчид ИНЕГ-т Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцын хэрэгжилт, Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль дүрэм, журам, аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын байгууллага, хяналтыг хэрэгжүүлж буй хүний нөөц, тэдгээрийн мэргэшил, сургалт дадлага зэрэг асуудлын хүрээнд үнэлэлт, зөвлөмж өгчээ.