Архитектор Дэвид Сим "Зөөлөн хот" сэдвээр лекц уншина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-08 11:00:28

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/.  “Зөөлөн хот” фестиваль Соёлын төв өргөөнд энэ сарын 19-нд болно.


Уг фестиваль хот төлөвлөлт, зохион байгуулалт болон хотоо илүү сайхан болгоход мэргэжилтнүүдийн төдийгүй иргэдийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, олон улсын сайн туршлага, мэдлэгийг түгээх зорилготой.


Фестивальд үндсэн илтгэл болон үзэсгэлэнгийн танхим, оролцогч болон хамтрагч байгууллагуудын танилцуулах бүхээгтэй хэсэг зэргээс бүрдэх ба хоттой холбоотой 15 сэдвийн хүрээнд мэдлэг, туршлага хуваалцах илтгэл болон нийслэл хотын онцлох сонирхолтой хэсгүүд, олон нийтийн сайн туршлагыг хуваалцах видео контентуудыг хуваалцах юм. 


Мөн Дани улсын архитектор, хүнд ээлтэй хот төлөвлөлтийн дэлхийн нэрт мэргэжилтэн Ян Гейлийн  шавь, дэлхийн олон том хотуудын төлөвлөгчөөр ажилласан нэрт архитектор Дэвид Сим Монгол Улсад айлчилж "Зөөлөн хот" сэдвээр хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, төсөл хөгжүүлэгчид төдийгүй иргэдэд туршлага, мэдлэгээсээ хуваалцаж, лекц унших юм.


“Зөөлөн хот” фестивалийн хамтрагчаар “20 минутын хот” Үндэсний хороо, Хот байгуулалт Барилга,орон сууцжуулалтын яам ажиллаж байгаа бөгөөд олон нийтийн оролцоо, санаачлагыг дэмжиж ажилладаг судлаачид, бизнесийн байгууллагууд оролцож буйгаараа онцлог юм. 


Фестивалийн сонирхогчийн тасалбар www.shoppy.mn онлайн худалдааны платформ дээр борлуулж байна.

 

Холбоотой мэдээ