Туулын хурдны замын гүүрэн байгууламжийг 9878 метр болгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-18 10:04:38

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Нийслэл хотод хэрэгжүүлэх авто замын томоохон төсөлтэй уялдуулах явцад нэгдүгээр тойрог замтай холбогдох зарим байрлалд гүүрэн байгууламжийн уртыг нэмэгдүүлэх шаардлага үүсэж, энэ хүрээнд гүүрийн урт 6771 метр байсныг 9878 болгожээ. 


Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төслийн нэг нь Туулын хурдны зам юм. Уг хурдны зам  нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт зургаан эгнээ 32 километр үргэлжлэх аж. 


Тус хурдны замыг анх дөрвөн эгнээ бүхий 32 км авто замын зураг төсөв магадлалын ерөнхий дүгнэлтийн дагуу төсөвт өртөг 916 тэрбум төгрөг байхаар баталсан байдаг. Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Туулын хурдны зам”-ыг зургаан эгнээ болгох, төвийн бүсийн хэсгээр дайран өнгөрч байгаа хэсгийг гүүрэн байгууламж болгохоор шийдвэрлэв. Уг шийдвэртэй холбогдуулан тус төслийн төсөвт өртөг 1.9 их наяд болжээ. Түүнчлэн Зам, тээврийн сайдын 2024 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/243 дугаар тушаалаар ажилчдын цагийн тарифт цалин болон машин механизмын ашиглалтын нэг машин цагийн үнийн жишгийг шинэчлэн баталж, ТЭЗҮ болон урьдчилсан зураг, төсөлд тусгаснаар төсвийг дахин шинэчилж тооцсон байна. 


Улмаар “Туулын хурдны зам”-ын төслийн зургийг өөрчлөн Барилгын хөгжлийн төвийн экспертээр хянуулж, магадлал хийлгэхэд ажлын төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг болсон бөгөөд нийслэлийн төсвөөс 2025 онд 538.6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр баталжээ. Туулын хурдны зам нь хотын төвийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой аж. 

Холбоотой мэдээ