"Бүтээлч байгаль" танхимд экологийн болон соёлын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-29 16:36:14

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. БОУАӨЯ, Цаг уур, орчны шинжилгээний газар, Үндэсний номын сан хамтран “Бүтээлч байгаль” экологийн боловсролын танхимын нээлт өнөөдөр боллоо.


Монгол Улсын ирээдүй хойч болсон хүүхэд багачууд, оюутан залуус, иргэд олон нийтэд экологийн боловсрол олгох байгаль орчны үнэ цэнийг бүтээлчээр ойлгуулах сургалт, мэдээл, байнгын хөтөлбөр үйл ажиллагаа явуулах зорилгоор тус танхимыг байгуулжээ.


“Бүтээлч байгаль” танхимаар дамжуулан ойн ургамал, цэнхэр алт ус, цэвэрхэн дэлхий хог хаягдлын хөтөлбөр, хөрс хамгаалал, гар урлал, ан амьтан хайрлах гэсэн экологийн болон соёлын боловсролын хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэх аж.


Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга ярихдаа, “Байгаль орчны салбарт даян дэлхийн гуравласан хямрал явагдаж байна. Үүнд биологийн олон янз байдлын хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт газрын доройтол орно. Эдгээрийг судлаад үзвэл байгаль, хүний хүчин зүйлээс шалтгаалж байна. Шийдэл нь ногоон ойлголт, хандлага, хэрэглээ чухал юм. Бага балчир наснаас нь хүүхдэд энэ ойлголтыг төлөвшүүлэх хэрэгтэй. Хүн, байгалийн шүтэлцээ, экологийн тэнцвэрт байдал алдагдсанаар бидэнд ямар хохирол учрах талаар ойлголтыг бүрэн өгөх нь зүйтэй. Байгальд ойр орчныг бүрдүүлэх бүтээлч ажил энэхүү танхимаас эхэлж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол, ус, хөрс, хог хаягдлын менежментийг ирээдүй хойч  үедээ зөв хандлагаар шийдвэрлэх боломжтой. Хүүхэд бол аав ээждээ хамгийн том нөлөөлөгч нь байж чаддаг. Байгалийн шинжлэх ухааныг сонгон суралцдаг хүүхдийн тоо цөөрч ирээдүйд монгол орны усны нөөцийг зохицуулах, хянах, арвилах ажлыг эрхлэх боловсон хүчны нөөц хомсдож байна. Мөн 21 аймаг, сумдад хэрэгжих хөтөлбөрөөр дамжуулан байгалийн шинжлэх ухааны мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулна” гэв.


Монгол Улсад төдийгүй дэлхий нийтийн өмнө уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, цөлжилт хурдтай явагдаж буй нь хүн төрөлхтөний тулгамдсан асуудлын нэг болоод байна. Энэ цаг үед тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаль орчинд ээлтэй амьдрах, амьдралын зөв дадал хэвшилд суралцах, хандлагаа өөрчлөх нь хүн бүрийн үүрэг хариуцлага гэдгийг албаныхан тодотгов.






Холбоотой мэдээ