Зайсангийн зүүн гүүрийг 6 дугаар сард ашиглалтад өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-20 16:45:49

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажил өнөөдрийн байдлаар 85 хувьтай байна.


Уг гүүрийн суурийн арматур, дам нуруу байрлуулах, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулах ажлууд дууссан байна. Дээд бүтээцийн ажилд 10 алгасал /тулах хэсгүүдийн хоорондох зай/ угсрахаас долоог нь угсраад байгаа аж. Зайсангийн гүүр барих ажлын гүйцэтгэгчээр “ЗМЗ” компани ажиллаж байгаа юм.


Зайсангийн хуучин гүүрийг анх 1968 онд ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт хийгээгүйгээс 2012 онд гүүрийг ашиглах боломжгүй болсон байна. Зайсангийн баруун, зүүн гүүрийг шат дараатай буулгаж, 225 метр урт дөрвөн эгнээ бүхий төмөр бетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг гүйцэтгэж эхэлсэн юм. Улмаар баруун гүүрийг шинэчлэн 2023 онд ашиглалтад оруулж байсан бол зүүн гүүрийг ирэх зургаадугаар сард барьж дуусгахаар төлөвлөж байна.


Холбоотой мэдээ