ӨВӨРХАНГАЙ: Билиг дэмбэрлийн үгс монголчуудын ахуйгаас үүдэлтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-04-15 13:17:34

Арвайхээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. “Аман өвөө дээдэлье” сарын аяны хүрээнд “Билиг дэмбэрлийн үгсийн цахим уралдаан”-ыг зарлаж байна.


Аймгийн СУАЖЗГ-аас Баянгол, Бүрд сумын Соёлын төвтэй хамтран зохион байгуулж буй тус уралдаанд оролцогчид 4 дүгээр сарын 18-23-ны өдрүүдэд bayangolsoyol19@gmail.com хаягаар хийсэн бичлэгээ илгээх юм. Нэг бичлэгт хэдэн ч билиг дэмбэрлийн үгсийг багтааж болох бөгөөд үг уран тод, бичлэг чанартай байх шаардлага тавьжээ.


Бэлгэ дэмбэрлийн үг нь бусдын ажил үйлсийг нь өөдрөг бүтэмжтэй байхыг ерөөсөн, урам хайрласан богино хэлбэрийн шүлэг юм. Нүүдэлчин монголчууд эрт дээр үеэс шинэ нутагт сэлгэн буух, шинэ дээл хувцас өмсөх, аян жин тээх, шинээр худаг ус гаргах, эсгий хийх зэрэг шинээр эхлүүлж буй ажил үйлс бүрд билиг ерөөлийн үг айлддаг байв. 


Тэрчлэн мал төллөхөд

    Тоо нь түм хүрч

    Тоос нь огторгуйд тулж байг

    Үрс гаргах юм уу, унага тамгалах үед гүүн зэлэн дээр ирээд

    Ногтолсон унага чинь

    Ногтруунаас олон

    Зэллэсэн унага чинь

    Зээр гөрөөснөөс олон болог хэмээдэг.

Хурдан морины уяа сунгаан дээр ирсэн хүн

    Хүлэг нь хурдан

    Хүүхэд нь хөнгөн байг хэмээн бэлгэшээн хэлдэг ажээ.

Хүний ажил, амьдралын хүрээ маш арвин баялаг байдагчлан хүн хүндээ үгээр урам хайрлах билиг дэмбэрлийн үг ч өргөн агуулгатай байдаг байна.

Холбоотой мэдээ