Орбан ялагдсан ч “орбанизм” ялагдаагүй

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-04-17 16:02:42

БУДАПЕШТ, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /ВВС/. Сүүлийн 16 жилийн хугацаанд Виктор Орбан анх удаагаа сонгуульд ялагдсан боловч түүний хувьд улс төрчийн замнал нь дуусаагүй төдийгүй Унгараас нэгэнт хальж гараад буй нөлөө нь хэвээр байна.


Барууны популистууд сонгуульд ялж чадах төдийгүй Европт удаан хугацаагаар засгийн эрхийг барьж чадна гэдгийг тэрбээр өөрийн биеэр харуулсан билээ.


Ялагдсаныхаа дараа В.Орбан фэйсбүүкийн хуудсандаа бичихдээ “Ажил эхэлж байна. Бид шинэ зохион байгуулалтанд орж, Унгарын ард түмний төлөөх тэмцлээ үргэлжлүүлнэ” гэжээ. Орбаны “Фидес” намыг 2 сая гаруй хүн дэмжиж саналаа өгсөн бөгөөд тус нам шинэ парламентад 50 орчим суудал авах төлөвтэй байна.


Либерал биш улс


В.Орбаны улс төрийн үзэл баримтлал нь эрин цаг үетэйгээ хамт өөрчлөгдсөөр иржээ. 1980-аад сүүлчээр коммунист дэглэмийн эсрэг хөдөлгөөний залуу гишүүдийн нэг байсан тэрбээр “Фидес” намыг байгуулахад оролцсон бөгөөд Зөвлөлтийн цэргийг Унгараас гаргахыг шаардаж байснаараа олон нийтэд танигдсан юм.


Тэрхүү он жилүүдэд залуухан Орбан Жорж Соросын сангийн тэтгэлгээр Оксфордын их сургуульд улс төрийн гүн ухааны чиглэлээр суралцжээ. Тэр үед унгар гаралтай Сорос Төв Европын их сургуулийг байгуулж, боловсролын ба иргэний олон төслийг санхүүжүүлж байв.  


Гэтэл хэдхэн жилийн дараа Орбаны улс төрийн илдээ Ж.Соросын эсрэг чиглүүлэх болов. Унгар болон Европын бусад улсад олон тооны цагаачдыг нэвтрүүлэхээр Сорос хуйвалдаан зохион байгуулсныг засгийн газар илрүүлжээ. “Соросыг зогсоох”-од чиглэсэн багц хуулийг Унгарын парламент баталлаа. Улс төрийн уур амьсгал өөрчлөгдөх бүрт Орбан дагаад хувиран өөрчлөгдөж байв. Улс орныхоо бүрэн эрхт байдлыг хамгаалах хэрэгтэй болсон тухай, гадны хүчнүүд Унгарын өвөрмөц онцлогийг үгүй хийж байгаа тухай тэрбээр байнга ярих болжээ. 


2014 оноос Орбан “либерал биш улс”-ыг байгуулах талаар ил тод ярих болсон бөгөөд 2018 онд түүнийгээ “либерал бус христосын ардчилал” гэж нэрлээд Европын либерал загварчлалыг үгүйсгэж эхлэв. Айдас түгшүүр, хямралт байдал дээр дөрөөлөн яруу урнаар илтгэл тавих болов. Эл чадварынхаа ачаар тэрбээр Унгартаа манлайлан удирдагч, олон улсад барууны популизмын гол төлөөлөгчдийн нэг болов.


“Брюсселийг эзэлцгээе”


Орбан бол популист улс байгуулах тал дээр үлгэр дууриал үзүүлсэн хүн юм. Үндэсний өвөрмөц онцлогийн талаар тэрбээр байнга ярьдаг байсан бөгөөд Европын улсуудын бүрэн эрхт байдал гэдэг ойлголт хэчнээн чухал зүйл болохыг онцолдог байв.


Үүний сацуу “Фидес” нам болон Орбантай холбоотой улс төрийн бүтцүүд Европт болсон олон сонгуульд хөндлөнгөөс оролцож байв. Тухайлбал, Францын хэт барууныхны удирдагч Марин Ле Пен Унгарын MKB Bank-наас 10.7 сая еврогийн зээл авч, сонгуулийн кампанит ажилдаа зарцуулжээ. Тус банкны томоохон хувь нийлүүлэгчид нь Орбанд ойр байдаг бизнес эрхлэгчид юм. Испанийн хэт барууны үзэл баримтлалтай Vox нам сонгуулийн сурталчилгаагаа санхүүжүүлэхийн тулд Унгарын MBH Bank-наас 9.2 сая еврогийн зээл авсан байна. Энэ банкны хувьцааг мөн л Орбаны ойрын хүрээнийхэн эзэмшдэг.

Маттео Сальвини-гийн хамт 

Тэрбээр мөн Нидерландын барууны хүчнүүдтэй, юуны түрүүнд хэт барууны Эрх чөлөөний намын дарга Герт Вилдерс-тэй нягт холбоо харилцаатай. Исламын эсрэг, цагаачлалын эсрэг байр суурь, Европын Холбооны цаашдын интеграцийг орлох “бүрэн эрхт үндэстнүүд”-ийн тухай үзэл баримтлал, Европын үндсэрхэг үзэлтнүүдийн нэгдмэл фронтыг бий болгох эрмэлзэл нь тэднийг нэгтгэдэг.


Орбан 2017 онд Брюсселийн /Европын Холбооны/ хүнд суртлын тогтолцоо, либерал мэдээллийн хэрэгслүүд, олон улсын капиталыг эсэргүүцэн үймээн самуун дэгдээхийг шуудхан уриалж байв. Мөн Вилдерс, Орбан хоёр хамтдаа барууныхны цуглаанд оролцож, Италийн Lega-гийн удирдагчдын нэг Маттео Сальвиниг дэмжиж байх жишээтэй.


Тэд “Европын төлөөх эх орончид” хэмээх бүлгийг бий болгосон бөгөөд хожим нь уг бүлэгт Австрийн Эрх чөлөөний нам, Андрей Бабиш тэргүүтэй Чехийн популистууд, Францын Марин Ле Пен, Испанийн Vox, Италийн Lega, Нидерландын PVV, Португалын Chega, Бельгийн Vlaams Belang гэх мэт барууны намууд нэгдсэнээр Европын парламентад гуравдугаарт орохоор том фракц болжээ. Энэ бүлэг цагаачлалын бодлогыг чангатгах, улс орнуудын засгийн газарт илүү эрх мэдэл олгохыг шаарддаг.


“Орбаны төлөвлөгөө нь анхнаасаа Брюсселийг буюу Европын парламентыг “эзлэн авах”-ад чиглэж байсан, гэвч уг төлөвлөгөө бүтэлгүйтсэн учраас “эх орончид” гарч ирсэн” хэмээн Унгарын Европын нийгэмлэгийн дэд дарга Эрик Ускевич дүгнэн хэллээ.


Орбаны дотоод болон гадаад улс төрийн бодлого нь хямрал мөргөлдөөн, дайсан гэсэн зүйлүүд дээр дөрөөлж хэрэгждэг. Механизм нь тун энгийн: эхлээд дайснаа хайж олно, дараа нь уг дайсан нь улс үндэстэн, хил хязгаар, христийн шашинтнуудын өвөрмөц онцлог, улс орны бүрэн эрхт байдалд аюул учруулж байна хэмээн ухуулна. Үүний дараа улс орноо энэ бүх аюулаас хамгаалж чадах улстөрч бол Орбан гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлнэ.


Өнгөрсөн он жилүүдэд эдгээр дайсан нь Брюссель, цагаачид, Жорж Сорос, либерал үзэлт дээд зиндааныхан, жендерийн бодлого, бэлгийн цөөнх буюу ЛГБТ, төрийн бус байгууллагууд байлаа. Харин энэ удаагийн сонгуулиар Украин гэдэг шинэ дайсныг бий болгожээ.  


Трамп, Путин хоёрын ялагдал


Энэ оны хоёрдугаар сард Д.Трамп Орбаныг дэмждэг гэдгээ олон нийтийн өмнө мэдэгдээд түүнийг “хүчирхэг удирдагч” тодорхойлжээ. Тэд хэдэнтээ уулзаж байсан бөгөөд Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд тэдний хооронд нягт харилцаа тогтсон байна. Байден ялсны дараа ч гэсэн тэдний харилцаа тасалдаагүй бөгөөд Трамп 3 дахь удаагаа нэр дэвших үед буюу 2024 оны гуравдугаар сард Орбан Флоридад очиж байв. Орбан Трампыг дэмжихийн зэрэгцээ Америкийн ерөнхийлөгчид ойр хүн гэсэн имижийг өөртөө бий болгосон юм.


Харин Европ тивийнхэн Орбан-Путиний харилцаа илүү нягт гэдгийг сайн мэддэг. Оросууд Украинд халдан довтолсны дараа Путинтэй харилцаагаа зориуд хэвээр хадгалж буй Европын цөөхөн удирдагчдын нэг бол Орбан юм.


Түүнээс гадна Орбан Украинд үзүүлж буй Европын тусламжийг байнга саатуулсаар иржээ. 2023 онд 50 тэрбум еврогийн тусламжинд, 2026 оны эхээр 90 тэрбум еврогийн зээлд тус тус хориг тавьж байсны зэрэгцээ Оросын эсрэг ээлжит багц хоригийг ч дэмжээгүй юм. 2022 оноос хойш Унгар улс 14 удаа хориг тавих эрхээ эдэлжээ.


Нөгөөтэйгүүр, Унгар улс Оросын хийнээс татгалзаагүй төдийгүй “Газпром” компаниас нэмж хий авахаар тохиролцсон байна.


Хоёр дахь амьдрал


Орбан ялагдсанаар Европ дахь түүний нөлөө буурах нь ойлгомжтой, Европын зөвлөл дэх суудлаа алдана, хориг тавих эрхгүй болно, үүний сацуу Брюсселийн ар хударгаар Москва, Бээжин, Вашингтонтой тоглолт хийх боломжгүй болно. Гэсэн хэдий ч түүний төлөөний хүмүүс Европын парламентад хэвээр үлдэх тул Орбаны хэлэх үгс Европын индрээс сонсогдсоор байх болно.


Сонгуульд ялагдсан нь улс төрийн хоёр дахь амьдралаа эхлүүлэх боломжийг түүнд олгож байна. Үзэл баримтлал, бэлгэдэл, намаа хадгалж үлдсэн тэрбээр сөрөг хүчний байр сууринаас шинэ засгийн бүтэлгүйтэл бүрийг анаж байгаад өөрийн зөв байсныг батлахад ашиглана. Ерөнхий сайд байхдаа инфляц, авлига, эдийн засгийн хөгжил удааширсан, эрүүл мэндийн салбар хямарсан гээд бүхий л бурууг өөртөө хүлээж байсан бол сөрөг хүчин болсноор эдгээр дарамтаас ангижирна. Нөгөөтэйгүүр, Европ тивд түүнийг дэмжигчдийн өргөн сүлжээ бий. Мөн Д.Трамп, В.Путин нарын дэмжлэг ч хэвээр хадгалагдана.


Орбаны улс төрийн ирээдүйн талаар ярихад арай эрт байна. Гэхдээ тэрбээр тэтгэвэртээ гараад тайван суух нь юу л бол. Улс төрд 40 гаруй жил байсан түүнд одоо түр зуурын амсхийлт хэрэгтэй. Хамгийн сүүлд ярилцлага өгөхдөө тэрбээр урьдынх шигээ эрч хүчтэй харагдахгүй байсан, гэхдээ энэ бол түүний улс төрийн замнал дуусжээ гэсэн үг биш” хэмээн Э.Ускевич ярилаа.


Орбаны мэдэлд институцийн тогтвортой бааз суурь, нөлөөний хүрээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хүчтэй дэмжлэг байгаа тул хэдийгээр сонгуульд ялагдсан ч гэсэн түүний бий болгосон оюун санааны ба мэдээллийн машин нь хаашаа ч алга болохгүй.  

Холбоотой мэдээ