АРВАНЗУРГАА ДАХЬ ДОЛОО ХОНОГ: АНУ, Ираны төлөөлөгчид хэлэлцээ хийлээ

ТОЙМ
Jargal.d@montsame.mn
2026-04-18 09:58:58

УЛААНБААТАР, 2026 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Ойрх Дорнодод сар гаруйн өмнө эхэлсэн дайныг зогсоох зорилгоор АНУ, Ираны төлөөлөгчид Пакистанд хэлэлцээ хийсэн боловч тохиролцоонд хүрсэнгүй. Өнгөрсөн долоо хоногт мөн Израил, Ливан улсууд хэдэн арван жилийн дараа анх удаа албан ёсоор уулзлаа. Ингээд өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.


АНУ-Ираны анхны нүүр тулсан яриа хэлэлцээ боллоо

АНУ, Иран улсууд хэврэгхэн эвлэрлийг хадгалж үлдлээ. Хоёр тал 1979 оны Ираны хувьсгалаас хойших хамгийн өндөр түвшний албан ёсны хэлэлцээг Пакистанд хийлээ. Уг уулзалт ямар нэгэн тохиролцоонд хүрэлгүйгээр өндөрлөсөн хэдий ч талууд дараагийн шатны хэлэлцээг явуулахаар бэлтгэж байна. Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп "дайн дуусах дөхөж байна” хэмээн мэдэгдэв. Түүнчлэн Америкийн тал Ираны боомтууд руу орж, гарч буй болон тус улсын эргийн бүсээр дамжин өнгөрч буй хөлөг онгоцуудыг хянахад чиглэсэн Ормузын хоолойн бүслэлтээ амжилттай болсон гэж мэдэгдлээ.




Израил, Ливан улсууд 1993 оноос хойш анх удаа шууд хэлэлцээ хийв

Израил, Ливан улсууд сүүлийн хэдэн арван жилд анх удаа албан ёсны шууд хэлэлцээ хийж, хоёр улсын Элчин сайд нар Вашингтонд уулзсан нь энх тайван тогтох итгэл найдварыг төрүүллээ. Израилын Элчин сайд мэдэгдэхдээ, Израил, Ливан улсууд Ливаныг “Хезболла” бүлэглэлээс “чөлөөлөх асуудалд нэгдмэл байр суурьтай” байна гэлээ. Ираны дэмжлэгтэй тус зэвсэгт бүлэглэл "хэрэв Ливаны засгийн газар үүнийг хийхийг оролдвол төрийн эргэлт хийнэ" хэмээн битүүхэн сүрдүүлсэн байна. Түүнчлэн Израил, “Хезболла” бүлэглэлийн хооронд 10 хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээр байгуулсан тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдлээ. 


Өмнөд Африкаас АНУ-д суух шинэ Элчин сайдаар расизмын үеийн улстөрчийг томилжээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса АНУ-д суух Элчин сайдаар  Роэлф Мейерыг томиллоо. Тус улсын өмнөх Элчин сайд нь Д.Трампыг “цагаан арстнууд хохирогч байх үзлийг” сурталчилж байна гэж буруутгасан тул өнгөрсөн онд хөөгдсөн юм. Мейер бол арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эцэс болгох хэлэлцээний үеэр Африкийн Үндэсний конгресстой хэлэлцээ хийсэн Үндэсний намын гол төлөөлөгчдийн нэг юм. Тэрбээр хожим нь зүүн төвийн үзэл баримтлалтай Нэгдсэн ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн байгуулахад оролцжээ. 


Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөр өргөжиж буйг анхааруулав
Умард Солонгос цөмийн зэвсгийн хөтөлбөртөө “маш ноцтой” ахиц дэвшил гаргасныг Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн (ОУАЭХА) тэргүүн анхаарууллаа. Тус улс мөн уран баяжуулах шинэ байгууламж байгуулсан байх магадлалтай байна. Умард Солонгос олон арван цөмийн цэнэгт хошуутай гэж шинжээчид таамагладаг.  

Кейко Фүжимори Перугийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөнө
Кейко Фүжимори Перу улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд тунаж үлдлээ. Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэх удаагаа өрсөлдөж байна. К.Фүжимори бол 1990-2000 оны хооронд Перугийн Ерөнхийлөгч байсан япон гаралтай Альберто Фүжиморигийн охин юм. А.Фүжимори нь Мао Зэдуны үзэл суртлын дор зэвсэгт бослого гаргаж, засгийн эрхийг булаан авахыг санаархсан зүүний хэт давруу үзэлтнүүдийн “Гэрэлт зам” бүлэглэлийг дэмжигчдийг устгах тушаалыг армид өгсөн хэргээр хожим ял сонсож байсан юм.

“Фидес” намын 16 жилийн засаглал эцэс боллоо
Төвийн үзэл баримтлалтай “Тиса” нам Унгарын парламентын сонгуульд нийт суудлын гуравны хоёр орчмыг авснаар 16 жил засагласан Виктор Орбан болон түүний барууны популист “Фидес” намыг яллаа. Шинэ Ерөнхий сайд Петер Мажар Европын Холбоотой (ЕХ) харилцаагаа сайжруулахыг нэн тэргүүний зорилт болгосон байна. Тэрбээр сонгуульд ялсныхаа дараахан Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйентай хэлэлцээ хийжээ. Энэ үеэр Украинд олгох ЕХ-ны 90 тэрбум еврогийн (106 тэрбум ам.доллар) зээлд Унгарын зүгээс тавиад байсан хоригийг цуцална гэж П.Мажар мэдэгдсэн байна. 



Дэлхийн эдийн засгийн төсөөллийг бууруулав
Олон улсын валютын сан (ОУВС) энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 3.1 хувь болгон буурууллаа. Тус сан өнгөрсөн нэгдүгээр сард дэлхийн эдийн засаг 3.3 хувиар өснө гэж таамаглаж байсан юм. Түүнчлэн томоохон эдийн засгуудын өсөлтийн төлөвийг бууруулжээ. Тухайлбал, Их Британиийн ДНБ-ий өсөлтийн таамгийг 0.5 нэгж хувиар бууруулж 0.8 хувь болгосон  байна. Мөн Ойрх Дорнодын дайнаас эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь түүхий эд импортлогч хөгжиж буй болон өндөр хөгжилтэй орнуудад илүү хүчтэй мэдрэгдэнэ. Хэрэв дайн дэгдээгүй байсан бол өсөлтийн төсөөллийг ахиулах байсан бөгөөд мөргөлдөөнөөс үүдэлтэй сөрөг нөлөө одоогийн таамаглалд туссанаас ч илүү байна. 

АНУ-ын инфляц огцом өсжээ
АНУ-д жилийн инфляцын түвшин гуравдугаар сард 3.3 хувьд хүрч, хоёрдугаар сарын 2.4 хувиас огцом өссөн байна. Эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ хоёрдугаар сарынхтай харьцуулахад 10.9 хувиар нэмэгдсэн бөгөөд мазутын үнэ 30.7 хувиар өсжээ. Америкийн Автомашины холбооноос мэдээлснээр, жилийн өмнө нэг галлон нь 3.17 доллар байсан бензиний үнэ 4 доллароос давсан хэвээр байна. 

Газрын тосны зах зээл хэлбэлзэлтэй хэвээр байна
Газрын тосны зах зээл тогтворгүй хэвээр байв. "Brent " маркийн газрын тосны үнэ нэг торх нь 95-100 ам.долларын хооронд хэлбэлзлээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, Ираны мөргөлдөөн нь "газрын тосны нийлүүлэлтэд урьд өмнө байгаагүй тасалдал" үүсгэжээ. Тус агентлаг энэ онд дэлхийн газрын тосны эрэлт өдөрт дунджаар 80 мянган торхоор буурна гэж таамаглаж байгаа бөгөөд энэ нь өмнөх 640 мянган торхоор өснө гэж таамаглаж байсантай харьцуулахад ихээхэн буурсан үзүүлэлт юм. Энэхүү таамаглалыг Ойрх Дорнодоос нийлүүлэх газрын тос, байгалийн хийн тогтмол тээвэрлэлт оны дунд үе гэхэд сэргэнэ гэсэн төсөөлөлд үндэслэн гаргасан байна. Гэхдээ дайн бүгдэд сөргөөр нөлөөлөөгүй байна. "ВР" компанийн газрын тосны арилжааны хэлтэс нэгдүгээр улиралд "онцгой" өндөр ашигтай ажилласан гэдгээ тайлагналаа. Энэ нь үнэ огцом өсөж, хэрэглэгчид нефть ихээр худалдан авах болсонтой холбоотой юм. Газрын тосны компаниудын энэ сарын сүүлээр гарах санхүүгийн тайлангууд нь үнийн өсөлтөөс олсон ашиг болон олборлолт тасалдсанаас үүдэлтэй алдагдлыг хооронд нь жинлэж харуулна.

Технологийн хувьцаанууд эргэн өсөж эхэллээ
Технологийн хувьцаанууд буцаад өсөж эхэллээ. Oracle компанийн хувьцааны ханш тав хоногийн дотор 20 гаруй хувиар, харин Nvidia-гийнх 10 хувиар өссөн байна. Intel компанийн хувьцаа дөрөвдүгээр сарын 1-нээс хойш 45 хувиар өссөн бөгөөд тус компани Илон Маскийн "Terafab" төсөлд оролцох болсноо зарласан байна. NASDAQ Composite индекс 2023 оноос хойш хамгийн удаан хугацаанд тасралтгүй өссөн бол S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрчээ. 

Хятадын ДНБ энэ оны эхний улиралд өсжээ
Хятадын ДНБ энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийхээс 5 хувиар өсөж, шинжээчдийн таамагласнаас давлаа. Гэвч Ираны дайны улмаас хоёрдугаар улиралд эдийн засагт сөрөг нөлөө илэрч болзошгүйг тус улсын засгийн газар мэдэгдсэн байна.

Artemis II хөтөлбөр амжилттай хэрэгжлээ
АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн Сар луу жолоодлогот хөлөг илгээх “Artemis II” хөтөлбөрт оролцсон сансрын нисэгчид эх Дэлхийдээ эсэн мэнд буулаа.  Тэдний суусан капсул Номхон далайд Сан-Диего хотын ойролцоох далайн усанд амжилттай буусан байна.Капсул дэлхийн агаар мандал руу орохоосоо өмнө цагт 25 000 миль (40,200 км/ц) хурдтай явж байгаад, хурд нь аажмаар саарч 20 миль/ц хүртэл удааширчээ. Америкийн сансрын нисэгчдийг 2028 онд Саран дээр буулгаж, баазаа байгуулж эхлэх хүртэл жолоодлогот нислэгүүдийг байнга үйлдэнэ гэж NASA-гийн тэргүүн Жаред Айзекман мэдэгдлээ.

Ирэх долоо хоногт болох үйл явдлууд:
  • Дөрөвдүгээр сарын 20-нд Эх орончдын өдрөөр 130 дахь удаагийн Бостоны марафон болно. 
  • Дөрөвдүгээр сарын 21-нд  Дэлхийн бүтээлч сэтгэлгээ ба инновацын өдөр тохионо
  • Дөрөвдүгээр сарын 21-22-нд Лирид солирын урсгалын оргил үе тохионо. Тэтчер сүүлт одны үлдэгдэл агаар мандалд орж ирэх бөгөөд Дэлхийн бөмбөрцгийн хойд тал хагаст харагдана.
  • Дөрөвдүгээр сарын 22-нд Эх дэлхийн өдөр тохионо. Байгаль орчны асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой энэхүү өдрийг тохиолдуулан долоо хоногийн турш эх дэлхийгээ хамгаалах янз бүрийн үйл ажиллагаа болно.
  • Дөрөвдүгээр сарын 22-нд Захиргааны ажилтнуудын өдөр тохионо. Эл өдрийг дөрөвдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн лхагва гарагт тэмдэглэдэг.
  • Дөрөвдүгээр сарын 23-нд Дэлхийн ном ба зохиогчийн эрхийн өдрийг тэмдэглэнэ. 1995 онд  НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага буюу ЮНЕСКО-оос унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, зохиогчийн эрхийг хамгаалах зорилгоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг "Дэлхийн ном ба зохиогчийн эрхийн өдөр" болгон зарласан билээ.
  • Дөрөвдүгээр сарын 26-нд Дэлхийн оюуны өмчийн өдөр тохионо. 
  • Дөрөвдүгээр сарын 26-нд Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр 
  • Дөрөвдүгээр сарын 26-нд Лондоны марафон болно. 
Холбоотой мэдээ