Blue Origin-ы зөөгч пуужингаар хөөргөсөн хиймэл дагуул тойрог замд орсонгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
g.enkh-od@montsame.gov.mn
2026-04-20 16:13:03

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /Reuters/. АНУ-ын тэрбумтан Жефф Безосын "Blue Origin" компани ням гарагт Флорида муж улсаас хөөргөсөн олон дахин ашиглах зориулалттай "New Glenn" зөөгч пуужин амжилттай газардсан боловч тээвэрлэж явсан "AST SpaceMobile" компанийн харилцаа холбооны хиймэл дагуулыг товлосон тойрог замд оруулж чадсангүй. 


Энэхүү хөөргөх ажиллагаа нь Илон Маскийн "SpaceX" болон "Blue Origin" компаниудын хоорондох өрсөлдөөн улам ширүүсэж буйг харуулсан ээлжит үйл явдал боллоо.


"New Glenn" пуужин нь "AST" компанийн "BlueBird 7" хиймэл дагуулыг Дэлхийн нам тойрогт гаргах ёстой байв.


"Хиймэл дагуул зөөгч пуужингаас салж, хэвийн ажиллаж эхэлсэн хэдий ч байрласан өндөр нь хэтэрхий бага байлаа. Иймээс өөрийн хөдөлгүүрийн тусламжтайгаар тойрогтоо тогтох боломжгүй тул уг хиймэл дагуулыг тойрог замаас гаргаж, устгахаар боллоо" гэж "AST" компаниас мэдээлэв.


"Хэдийгээр хиймэл дагуул зөөгч пуужингаас салж, тэжээлдээ холбогдон ажиллаж эхэлсэн боловч байрласан өндөр нь бүхээг дэх хөдөлгүүрийн технологиор хэвийн ажиллахад хэтэрхий бага байгаа тул тойрог замаас гаргаж, агаар мандалд унагаж устгана" гэж AST компани мэдэгджээ.


Ням гаргийн хөөргөх ажиллагаа нь "New Glenn" пуужингийн хувьд гурав дахь удаагийнх байсан бөгөөд 29 давхар байшинтай тэнцэхүйц өндөртэй, хүнд даацын энэхүү пуужингийн дахин ашиглах технологи найдвартай болохыг батлан харуулах, "SpaceX" компанийн "Falcon 9" пуужинтай өрсөлдөх чадвартай гэдгийг нотлох чухал ач холбогдолтой байв.

Холбоотой мэдээ