БАЯН-ӨЛГИЙ: Үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Татварын газрын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой нэгдсэн зөвлөгөөн, сургалт зохион байгууллаа. Зөвлөгөөн, сургалтыг аймгийн Татварын газрын дарга Т.Фестиваль нээж, аймгийн Засаг дарга Е.Зангар мэндчилгээ дэвшүүлэн, татварын албаны үйл ажиллагааг сайжруулахад албан хаагч бүрийн оролцоо чухал болохыг онцлов.
Тус аймгийн Татварын газрын дарга Т.Фестиваль Нийт алба хаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөний хүрээнд газрын удирдлагууд болон тасгийн дарга нар албан хаагчидтай уулзаж, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, дотоод сахилга батыг бэхжүүлэх чиглэлээр зөвлөгөө, үүрэг чиглэл өглөө.
Удирдлагуудын мэдээллийн дараа ажилтан, албан хаагчид сонирхсон асуултад хариулт авч, тулгамдаж буй асуудал болон ажлын нөхцөлийг сайжруулах талаар өөрсдийн санал, бодлоо чөлөөтэй илэрхийлсэн байна. Энэхүү санал, асуулт хариултын хэсэг нь байгууллагын удирдлага болон дунд шатны албан хаагчдын эргэх холбоог бэхжүүлж, тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх боломжийг бүрдүүлснээрээ онцлог байв.
Тус зөвлөгөөний хүрээнд албан хаагчдын ажлын эрч хүчийг сэргээж, баг хамт олны уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор волейбол болон дартсын тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд нийт албан хаагчид идэвхтэй оролцож, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
Мөн тус зөвлөгөөн, сургалтын үеэр ёс зүй ба хандлага, бүртгэл, хяналт шинжилгээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, аюулгүй байдал зэрэг чиглэлээр холбогдох салбарын мэргэжилтнүүд Татварын газрын албан хаагчдад мэдээлэл өгч, сургалт хийлээ.
Тухайлбал, аймгийн Улаан загалмайн хорооны сургагч багш Н.Бердигүл “Ёс зүйтэй албан хаагчийн хандлага иргэдийн итгэлд нөлөөлөх нь”, ТЕГ-ын Бүртгэлийн хэлтсийн дарга Т.Баярмаа “Бүртгэлийн нийтлэг асуудлууд”, ТЕГ-ын татварын улсын ахлах байцаагч О.Давааням “Хяналт шинжилгээ, үнэлгээний үр дүн”, Цагдаагийн хошууч С.Жансерик “Залилангийн гэмт хэрэг”, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяа “Авлигын гэмт хэргийг мэдээлэх журам, нууцлал”, ХХҮГ-ын мэргэжилтэн М.Гүлия “Хөдөлмөрийн аюулгүй байдал”, ЭМГ-ын мэргэжилтэн Х.Арай “Халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх” зэрэг сэдвээр хичээл заав.
Зөвлөгөөний төгсгөлд Татварын газрын дарга Т.Фестиваль 2025 онд хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах талаар нийт бие бүрэлдэхүүнд чиглэл өглөө.



