Улаанбаатар хотын музей

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-01-27 15:41:32

Монгол орны  нэрийн хуудас болсон нийслэл Улаанбаатар хотын түүхэн замнал, хөгжил дэвшлийг гадаад дотоодын олон нийтэд танилцуулах зорилготой тус музей 1956 онд байгуулагджээ.

Улаанбаатар хотын түүхэн хөгжлийн үечлэлээр үзмэрүүдээ ангилж гурван танхимд дэлгэн үзүүлдэг. Музейн сан хөмрөг 3300 гаруй үзмэртэйгээс үзүүлэнгийн танхимд нийт үзмэрийн гуравны нэг нь тавигдаж үзэгчдийн хүртээл болж байна. Музейн сан хөмрөг дэх үзмэрийн онцлох заримаас сонирхуулвал, нэрт зураач Манибадар 1946 онд зурсан “Нийслэл хүрээ” зураг, Төрийн соёрхолт, Гавъяат сийлбэрчин Д.Сэнгээгийн “Түүхт Улаанбаатар” зааны соёон сийлбэр, 1976-2000 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх гуравдугаар ерөнхий төлөвлөгөө, Туул голын орчмоос олдсон, 5 сая жилийн тэртээ амьдарч байсан Арслан зааны яс, XIX-ХХ зууны үед Их хүрээний урчууд урласан өвөрмөц хийц, загвар бүхий гэр ахуй, гоёл чимэглэлийн зүйлүүд байна.

Улаанбаатар хотын музей нь Монголын түүхэн дурсгалт барилга байгууламжийн нэг бөгөөд ХХ зууны эхэн үед Их хүрээнд амьдарч байсан Оросын буриад худалдаачин Цогт Гармаевич Бадамжавын байшин юм. Тус байшинд 1921 оны долдугаар сард Монгол Ардын Намын төв хороо, Ардын Түр Засгийн Газар, Бүх цэргийн штаб байрлаж, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байжээ. 1930-аад оны үед тус байшинд Зөвлөлт-Тува улсын элчин сайдын яам байрлаж байв.

 

Холбоотой мэдээ