Балбын зарим сургууль хичээллэж эхэллээ

Дэлхийд | Боловсрол
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 13:00:36

КАТМАНДУ. /NHK/. Хүчтэй газар хөдлөлт болсноос хойш нэг сар гаруйн дараа Балбын зарим сургууль хичээллэж эхэллээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд Балба болон хөрш улсуудад газар хөдлөлт болон газар хөдлөлтийн дараах чичиргээний улмаас 8800 гаруй хүн амь эрсэдсэн юм. Олон сургуулийн барилга нэлээд эвдэрч гэмтсэнтэй холбоотойгоор бүх сургуулийг хаахыг тус улсын Засгийн газар үүрэг болгосон билээ.

Засгийн газрын албаны хүмүүс хяналт шалгалт хийсний дүнд аюулгүй болох нь тогтоогдсон зарим сургууль өчигдрөөс хичээллэж эхэлсэн байна.

Нийслэл Катманду хотын нэгэн сургуулийн сурагчид бүгд хичээлдээ суухаар дүрэмт хувцсаа өмсөн ангидаа цугласан байлаа.

Нэг сар гаруйн дараа ангийнхантайгаа анх удаа уулзах сайхан байна гэж нэгэн сурагч ярив.

НҮБ-ын Хүүхдийн сангийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, наад зах нь 980 мянган хүүхэд сургуульдаа эргэн явж чадахгүй байна.

Эвдэрч гэмтсэн олон сургуульд хяналт шалгалт болоод сэргээн босголтын ажил удаашралтай байгаагаас гадна зарим сургуулийг түр хоргодох байр болгон ашиглаж байгаа учир хүүхдүүд хичээлдээ явж чадахгүй байна ЮНИСЕФ-ийн албаны хүмүүс хэллээ.

Тус байгууллага газар хөдлөлтөд нэрвэгдсэн зарим газарт түр хичээллэх байгууламжууд барьж эхэлжээ. Гэхдээ ийм байгууламжууд нь ердөө 14 мянган хүүхдийг л хүлээн авах боломжтой аж.

Ажиглагчдын үзэж буйгаар, Балбын хүүхдүүд өдөр тутам сургуульдаа явж чаддаг болох хүртэл багагүй хугацаа орж магадгүй.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд