Нийслэлээс өдөрт гарч байгаа хог хаягдлын 80 хувийг дахин боловсруулах боломжтой

Монголын мэдээ | Байгаль орчин
ulzii@montsame.mn
2017-04-19 14:11:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд "Ногоон замнал" хог хаягдлын менежментийн зөвлөгөөн болж, оролцогчид хог хаягдлын менежмент болон цаашид баримтлах бодлогын хүрээнд санал бодлоо солилцлоо.

БОАЖЯ, БСШУСЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус зөвлөгөөнийг дэмжин оролцож байгаа. Энэхүү зөвлөгөөнөөр байгаль орчин, хог хаягдлын чиглэлээр ажилладаг үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудын мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Мөн Австрали улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Жон Лангтри мэндчилгээ дэвшүүлэв. Энэ зөвлөгөөний ерөнхий зохион байгуулагч Хангарьд Ротари клуб ТББ нь тус улсын КЕСАБ байгууллагатай хамтран Австралийн Засгийн газрын бичил төсөл хөтөлбөрийн хүрээнд тодорхой ажлыг хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, иргэдийн ухамсарт нөлөөлж, зөв дадалд сургах зорилгоор “Ногоон замнал” хог хаягдлыг дахин боловсруулах мэдлэг олгох төвийг СХД-ийн 9 дүгээр сургууль болон МУБИС-д байгуулан сургалт явуулах юм. 

Улаанбаатар хотын хэмжээнд өдөртөө 2500-3500 тонн хог хаягдал гардаг бөгөөд үүний 80 орчим хувийг дахин боловсруулах боломжтой гэсэн судалгаа байдаг. Уг асуудалд тодорхой арга хэмжээ авч хогийн уут тарааж, ангилан хаях хогийн савыг байрлуулдаг боловч иргэдийн ухамсрыг өөрчлөх, зөв дадалд сургах талаар төдийлөн ач холбогдол өгдөггүй, ангилсан хогийг тус тусад нь тээвэрлэдэггүй. Мөн хог дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмждэггүйгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үр дүнгүй болдог байна.  

Хангарьд Ротари клуб ТББ-ын ерөнхийлөгч Г.Ууганбаттай уулзаж энэ зөвлөлгөөний үр дүнгийн талаар сонирхлоо.

“ Монгол Улсын хэмжээнд хог хаягдлын талаарх боловсролын өнөөгийн байдлыг авч хэлэлцэн, цаашид олон улсад амжилттай хэрэгжиж байгаа хог хаягдлын боловсролын арга ухааныг түгээн дэлгэрүүлж, таниулан сурталчлах үйлсийг өрнүүлэх, ЕБС болон их дээд сургуулиудын хичээлийн агуулгад хог хаягдлын талаар сургалт, хөтөлбөр бий болгох, шинэчилж сайжруулах талаар хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрэхийг зорьж байна. Мөн хог хаягдлын менежмент дахин боловсруулалтыг иргэдийн оролцоо, ухамсар, шинэ ойлголт, санаачлагын талаар ярилцах юм. Эндээс тодорхой үр дүн, шийдлүүд гарна гэдэгт итгэлтэй байна. Бидний хэрэгжүүлж   байгаа “
Ногоон замнал бичил төслийн хамтрагч Австралийн КЕСАБ нь хог хаягдлын менежментийн чиглэлээр 50 гаруй жилийн туршлагатай  байгууллага. КЕСАБ нь маш олон сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд дэлхийн 27 оронд уг сургалтаа зохион байгуулдаг. Бидний хувьд хоёр сургалтын хөтөлбөрийг эх орондоо нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Тухайлбал, их дээд сургуулиуд болон бага дунд ангийн сурагчдад зориулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ дашрамд, бидний төслийг сэтгэл зүрхээрээ дэмжиж, ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж, энэ удаагийн “Хог хаягдлын менежмент” зөвлөгөөн хийх боломжийг олгосон “Business Association Group”-ийн удирдлага болон нийт ажилтнуудад талархаж байна” гэлээ.

Энэхүү зөвлөгөөний үеэр нийслэлд хог хаягдлыг дахин боловсруулж хүний хэрэгцээт зүйл үйлдвэрлэж байгаа “Хэв хашмал хуванцар” ХХК зэрэг аж ахуйн нэгж. байгууллага өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэнг гаргасан байв.

 

Д.Өлзий 

Холбоотой мэдээ