Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-05-31 16:17:14
Дэлхий нийт натурал хэрэглээг сонгох болсон энэ цаг үед Монгол улс бэлчээрийн хонины зуун хувийн цэвэр ноосоор хийсэн орчин үеийн загвар дизайн бүхий, будагч бодисгүй өвөрмөц хивсийг олон улсын зах зээлд нийлүүлж эхэлсэн нь ихээхэн шуугиан тарьж байна.
Дэлхийн ноосон эдлэлийн хамгийн нэр хүндтэй “Woolmark” болон “Woolmark Blend” чанарын тэмдгийг эзэмшигч “Эрдэнэт хивс” компани 2014-2015 онд техник технологийн шинэчлэлт хийж, Бельги улсад үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэлтэй, 4-5 метр өргөнтэй, компьютерийн автомат удирдлагатай, 8-16 өнгөтэй нэхэх машинуудыг суурилуулж ашиглалтанд оруулснаар задгай, гогцоо, хавтгай зэрэг олон төрлийн нэхээстэй, олон улсын чанарын стандарт шаардлагыг хангасан, дээд зэргийн чанартай, "АТИЛЛА" болон "ЮНИКАРПЕТ" брэндийн цоо шинэ нэр төрлийн хивс, хивсэнцэр, өргөн дорожийг дотоод болон гадаад зах зээлд нийлүүлж эхэлжээ. АТИЛЛА брендын хивс нь нэг метр квадрат талбайд  нэг сая цэгийн нягтаршилтай бөгөөд Монгол улсад үйлдвэрлэж эхэлсэн хамгийн өндөр нягттай хивс болж  шинэ дэвшил рүү хийсэн огцом үсрэлт болсон байгаа юм. “Эрдэнэт хивс”-ийн хувьд түүхий эдээ малчдын хотноос өөрсдөө бэлтгэн эх орондоо 100 хувийн үйлдвэрлэл эрхэлж байгаа нь хамгийн том давуу тал юм. Тэднийх угааж боловсруулсан ноос, ноосон утас, эсгий, эсгий бүтээгдэхүүн бэлтгэн зах зээлд нийлүүлэхээс гадна улсын дотоодын хивсний 96 хувийг дангаараа үйлдвэрлэж бүтээгдэхүүнийхээ 30 орчим хувийг 20 гаруй оронд экспортолдог ажээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд