Уул уурхайн салбарынхан “Популизмгүй уул уурхайн төлөө” уриа дэвшүүлэв

Монголын мэдээ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 15:40:24

Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа-2015" олон улсын 13 дахь удаагийн чуулга уулзалт  Корпорейт Конвеншн Центр”-т эхэллээ.

Энэ жилийн чуулга уулзалт өмнөхөөсөө онцлогтой “Популизмгүй уул уурхайн төлөө” уриан дор чуулж байна. Чуулга уулзалтад гадаад, дотоодын 300 гаруй төлөөлөгч оролцож буй юм. Салбарын хувьд томд  тооцогдох уг хурлаар “Бизнесийн эрх чөлөөнд тулгамдаж буй асуудал”, “Уул уурхай дахь Мега төслүүд: Алдаа-оноо”, “Монгол улс дахь зэсийн үнийг нээх нь”, “Гадаадын шууд хөрөнгө оруулалт ба Монгол Улс” сэдвийг хөндөж байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан хэдий ч гадны төлөөлөгчид өмнөхөөсөө нэмэгджээ.

Чуулга уулзалтын  үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид  хэлэхдээ, “Уул уурхайн салбарыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцүүлэн хөгжүүлэх нь бидний  томоохон зорилт юм. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Цаашдаа  ашигт малтмалын өмчлөл, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын талбайн хил хязгаар, төрийн эзэмшлийн хувь хэмжээ, тусгай зөвшөөрлийн олголтыг ойлгомжтой, тодорхой болгож, эрдсийн бүтээгдэхүүний гадаад зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд ангилал стандартыг шинэчилж, эрдэс баялгийн бирж байгуулахаар ажиллаж байна. Улмаар уул уурхайн үйлдвэрүүдийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон томоохон ордуудыг ашиглалтад оруулах, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулж дотоодын хэрэгцээг хангах, экспортлох замаар Монгол Улсын эдийн засгийг чадавхижуулах замаар  бүс нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг Уул уурхайн яам бүх талаар дэмжин ажиллана” хэмээн онцлов.

 Энэ удаагийн чуулга уулзалтыг уул уурхайгаагаар дамжуулан бусдад таалагдах гэсэн хүмүүсийн нөлөөлөл бий болсон учраас  “Популизмгүй уул уурхайн төлөө” гэсэн уриаг сонгосон хэмээн Монголын Уул Уурхайн Үндэсний Ассиоцацийн Ерөнхийлөгч Н.Алгаа тодотгосон юм. Тэрээр “Уул уурхайн салбарынхан гадны эрхзүй орчин, мэдлэгийг нутагшуулах гэж 25 жил явлаа. Зарим нь хэрэгжихгүй хөрсөнд буухгүй байна. Тиймээс хуулсан зүйлээ эргэн харж, авсан сургамжаа нэгтгэж зөв замдаа орох цаг иржээ. Өөрөөр хэлбэл бид гаднаас хуулах цаг дууссан. Нөгөөтэйгүүр  уул уурхайн салбарт мэдлэгтэй хандмаар байна. Мэдээлэл бол мэдлэг биш гэдгийг хүн бүр ухаарах ёстой. Энэ салбарыг мэдэхгүй байж бусдад таалагдахын тулд мэддэг юм шиг ярьдаг хүмүүс олширсон. Энэ байдлаас болж шийдвэр буруу гарч байна. Тиймээс үүнийг халах цаг болсон.Энэ утгаар нь популизмаас уул уурхайг ангижруулья гэсэн уриаг дэвшүүллээ” гэв.

Эл чуулга уулзалтын хүрээнд жил бүр зохион байгуулдаг “Засгийн газрын цаг”-т УУЯ, АМГ, БОНХАЖЯ, МХЕГ-ын мэргэжилтнүүд оролцож мэдээлэл өгсөн юм.  Тэд энэ удаагийн  чуулга  уулзалтыг Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхэлсэн ололтой үед болж буйг онцлов. Энэ жилийн хувьд стратегийн ордод төр өөрийн эзэмшиж буй хувьцаанд ногдох ногдол ашигт дүйцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр хэлбэрээр авах боломжийг бүрдүүлснээр онцлогтой. Түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт төвлөрч буй орлогын 30 хувь, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг нийслэл, аймаг, сум, дүүргийн хөгжлийн санд нэмж төвлөрүүлэх болсон гээд ололтой зүйл бий гэдгийг албаныхан мэдэгдсэн юм.

Чуулга уулзалтын  үеэр төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулах үзэсгэлэн  нээдэг. Эл үзэсгэлэнд 40 гаруй компани оролцож байна.

 Б.Заяа

 Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд