Холын замд гарахгүй байхыг анхааруулж байна

Монголын мэдээ
gantuya@montsame.mn
2015-11-18 14:56:59

Үргэлжлэн орох цасны улмаас шуурга шуурч, зам даваа цасанд боогдон хаагдаж болзошгүй  байна.   

Энэ сарын 15-16-нд орсон цасны улмаас нийт нутгийн 60 орчим хувьд цасан хунгар тогтож, Багахайрхан, Хөх дэл отрын бүс нутаг 10-16 см, Хэрлэнбаян-Улаан, Чилэн, Аргалант отрын бүс нутгаар 6-11 см зузаан цастай байна. 

Агаарын температур шөнөдөө Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Төв, Хэнтий аймгийн голуудын сав, хонхор хотгор газруудаар -25-32 хэм хүрч хүйтний эрч чангарав. Цаашдаа 20-ны өдөр төв болон зүүн зүгийн нутгаар, 21-ний өдөр нутгийн баруун хэсгээр, ялангуяа тариалангийн бүс нутгаар цас орж, хүйтрэх төлөвтэй байна. 

Долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр цаашид цас нэмэгдэж, агаарын температур удаан хугацаагаар хүйтрэх тул зам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх, малын хэвтэр бууц хөлдөх, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарах, төвлөрсөн халаалттай газруудад таагүй нөлөө үзүүлж болзошгүй тул Цаг уур, орчны шинжилгээний газар, ОБЕГ-аас нийт ард иргэдэд сэрэмжлүүлж байна. Тиймээс их цас, салхи шуурганы үеэр хол ойрын замд зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд дулаан хувцсаа авч, шатахуун, техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавихыг анхаарууллаа.

Н.Туяа

Холбоотой мэдээ