Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-27 17:54:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж баталлаа.

Эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор 2002 онд Боловсролын тухай багц хуулийг баталсан бөгөөд 2016 онд Боловсролын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Гэвч одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж буй багшийг хөгжүүлэх бодлого, арга хэмжээ нь багш хүн өөрөө хөгжих таатай боломжийг төдийлөн бүрдүүлээгүй байгаагийн зэрэгцээ ажил хөдөлмөрөө үнэлүүлэх зохистой системийг бүрдүүлж чадахгүй байгаа юм байна.

Иймд дээр дурьдсан хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн  боловсролын багц хуулийн үндсэн зарчим, Багшийн хөгжлийн арга хэлбэр, хөгжлийн зарим нэр томьёог оновчтой болгох, багшийн оролцоо, хувь хүний хөгжил болон боловсролын хөгжил, мэргэжлийг дээшлүүлэх зэрэг багшийн хөгжлийг дэмжихэд чухал нөлөө үзүүлэх заалтууд уг хуулийн төсөлд тусгаж Н.Учрал гишүүнээс УИХ-д өргөн барьсан юм. 

Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн талаарх дараах зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцүүлж дэмжсэн. Үүнд, хуулийн төслийн 3.1.1 дэх заалтын “төрийн үйлчилгээний албан хаагчийг” гэснийг “этгээдийг” гэж өөрчлөх. Хуулийн төслийн 3.1.4 дэх заалтын “хөгжил,” гэсний дараа “хүмүүжил,” гэж нэмэх. Мөн хуулийн төслийн 6.1 дэх хэсгийн “ёс зүй,” гэсний дараа “эрүүл мэнд, нийгмийн баталгаа, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх,” гэж нэмэх. Хуулийн төслийн 21.1 дэх хэсгийн “Төрийн албаны тухай хуульд” гэсний дараа “болон Хөдөлмөрийн тухай хуульд” гэж нэмэх. Хуулийн төслийн 18.1 дэх хэсгийн “чиг үүргийг” гэснийг “эрх, үүрэг” гэж өөрчлөх хэмээн тус тус заасан байна. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ