Л.Энх-Амгалан: Таслалт, хоцролттой гишүүнийг эгүүлэн татах талаар заалтыг хассан

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2018-06-28 11:10:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон Д.Хаянхярваа нараас УИХ-ын чуулганы дэг болон гишүүний хариуцлагын талаар зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг өргөн барьсан юм. Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийг хамтатган хэлэлцэж, С.Бямбацогт гишүүний өргөн барьсан төслийг суурь болгохоор тогтжээ.

Анхны хэлэлцүүлгийн үеэр асуулт асуусан гишүүдээс О.Баасанхүү "Карт хийгээд ирц орж байна. Дахиж хурууны хээгээр бүртгэх илүү зардал. Үүний оронд саналыг хурууны хээгээр өгөхийг иргэд шаардаж байгаа. Мөн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаас өөр зүйлийг хэлэлцэж цаг их алддаг" хэмээн шүүмжлэхэд Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан гишүүн "Хурууны хэгээр бүртгэхэд одооны нөхцлөөс ихээхэн өөрчлөлт гарна. Бүтэн чуулганд өөр сэдвээр ярьдаг гишүүд байдаг. 4-5 чуулганд хэлэлцэх асуудлаа хэлэлцсээр үдээс өмнөх чуулган дуусчихдаг тал бий. Тиймээс хэлэлцэх асуудлын талаар намын бүлгийн дарга нар болон бие даагчид байр сууриа илэрхийлдэг байх зохицуулалт орж ирнэ. Шинэ бүрдсэн парламент анхдугаар чуулганаараа шинэ дэгээ баталдаг олон улсын жишиг бий. Цаашдаа үүнд орно" гэлээ. 

Ц.Даваасүрэн гишүүн хурууны хээгээр бүртгэдэг, санал өгдөг болбол том дэвшил болно гээд Үндсэн хууль хэлэлцэх дэгийн зохицуулалтад орж ирснийг эсэргүүцэж буйгаа хэлэв. Мөн хоцролт, тасралт ихтэй гишүүдийг эгүүлэн татах гэсэн асуудлыг олны анхаарлын төвд оруулж байгаа ч хуулийн төсөлд туссан бусад зохицуулалтууд тун чухал хэмээж байлаа.

Харин Л.Энх-Амгалан гишүүн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх дэгийн зохицуулалтыг төслөөс хассан гэдгийг хэлээд "Шалтгаангүйгээр чуулганы хуралдаан тасалсан цаг нь нийт хуралдааны цагийн 3-ний 1-ээс давсан бол гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт байсныг хассан. Гишүүдэд ёс суртахуун, санхүүгийн хариуцлага хүлээлгэдэг, сар бүр ирцийн мэдээллийг нь тойргийн сонгогчдод хүргэх гэх мэт хариуцлагын хэлбэрүүд бий. Үүнээс тооцож болно” хэмээв. Мөн хуулийн төсөлд туссан хариуцлагын талаарх заалтууд нь хууль батлагдсан өдрөөс мөрдөж эхлэхээр тусгажээ. 

Ингээд Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгав. 
Н.Гантуяа 

Холбоотой мэдээ