Х.Баттулга: Хүүхэд хамгааллын чиглэлээр 6 шаардлага хүргүүлж, хэрэгжилт бүртэй биечлэн танилцана

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2018-06-28 16:05:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд оролцож, Хүүхэд хамгааллын асуудлаар үг хэллээ. 

Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд "Сүүлийн үед дараалан гарсан эмгэнэлт хэргүүд бол хүүхэд хамгааллын бодлого орхигдсон, хүүхдийн хүчирхийллийн эсрэг Төр дорвитой үйл ажиллагаа явуулахгүй байгаа, асуудлууд далдуур хуримтлагдан ужгирч, бугшсаны ил гарч буй үзэгдлүүд юм" хэмээн тодотгоод хариуцлагагүй албан тушаалтан, аж ахуй эрхлэх цалгар назгай хандлага, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах асуудалд хойрго ханддаг түгээмэл үзэгдлийн золиос болж цаг бусаар амь үрэгдсэн бяцхан үрсийн гэр бүл, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлсэн юм. Мөн тэрбээр дараах тоо баримтыг дурдав. Тодруулбал:
2017 онд 1692 гэмт хэргийн улмаас 1752 хүүхэд хохирч, 2018 он гарсаар гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо өмнөх жилийн мөн үеийнхээс 40 хувиар өсчээ. Өнгөрсөн жил золгүй байдлаар 127 хүүхэд нас барсны 55 нь зам тээврийн осолд өртсөн байна. Өсвөр насныхан амиа хорлосон тохиолдол сүүлийн 4 жилд 200-гаад гарчээ. 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Тэдний дунд нялх балчир хүүхдийн тоо өсөх хандлагатай болсон. 948 хүүхэд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсний дотор хулгайн хэрэг 40 гаруй хувийг эзэлж байна.
Энэ бүхэн нь ядуурал, ажилгүйдэл, хууль хэрэгждэггүй, төрийн албанд бүхэлдээ хариуцлагагүй байдал ноёлсонд оршиж байгаа бөгөөд нэн яаралтайгаар хэрэгжүүлэх арга хэмжээг Ерөнхийлөгч тодотгон хэлсэн юм.
  • Хүүхэд хамгааллын хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан хүүхэд хамгааллын стандартыг яаралтай горимоор боловсруулж батлах, хэрэгжүүлэх журмыг гаргах, мөрдүүлэх 
  • МХГ, БСШУЯ, Ерөнхий сайдын дэргэдэх Хүүхэд хамгааллын зөвлөл, ЦЕГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд холбогдох байгууллага, бүтцүүд хамтран сургууль, цэцэрлэг, сургалтын орчин, хүүхдийн тоглоомын талбай, хүүхдэд хамаатай бүх орчинд үзлэг шалгалт хийж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэн 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө тайлагнах
  • Гэмт хэрэг гарах нөхцлийг арилгасан, хор уршгийг зайлуулсан, бусдын амар амгаланг сахиулахад иргэний үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн сайн дурын нөхөрлөл, иргэдийг сайшааж урамшуулах ажилд Япон болон Зүүн өмнөд Азийн орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэх, Зөрчлийн тухай хуульд оруулж, хуульчлах
  • Эцэг эх, асран хүмүүжүүлэгчдэд хандсан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх анхааруулга, санамж, сургалт зэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулж, өрнүүлэх ажлыг хүүхдэд ээлтэй орчинг бүрэлдүүлэх үүрэгтэй төрийн байгууллага, албан тушаалтнуудын зүгээс өрнүүлэх
  • Цагдаагийн төв байгууллагад Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгж байгуулагдсан бөгөөд өргөжүүлэн нийслэл, орон нутгийн цагдаагийн газруудад ийм нэгж байгуулах, орон тоо төсвийг гаргаж өгөх хэрэгцээ шаардлага бий. Хүүхэд гэмт хэрэгт ихээр өртдөг цэгүүдийг камержуулах, үүний тулд Засгийн газрын 2017 оны 312 тоот тогтоолыг хэрэгжүүлж, Хүүхэд хамгааллыг сайжруулахад шаардагдах төсвийг гаргах, нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх
  • Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулиудад заасны дагуу эдгээр хуулиудад үнэлгээ хийлгэж, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэхтэй холбоотойгоор амьдралаас урган гарсан зүйлсийг хуульд нэмж суулгаж өгөх ажлыг УИХ, түүний бүтцийн байгууллагууд нэн яаралтай хийхийг Ерөнхийлөгч шаардаж буйгаа илэрхийллээ. 
Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд “60 тэрбумын” гэх тодотголтой асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний даоаа чуулганы хуралдааныг завсарлуулах саналыг хүргүүлж буйгаа тодотгосон юм. 

Ерөнхийлөгч үг хэлсний дараа УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан хэлэлцэх асуудлуудаа үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ.
Н.Гантуяа
Холбоотой мэдээ