Д.Мурат гишүүний асуудлаар АН-ын бүлэг завсарлага авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-28 16:31:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Д.Мурат гишүүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа. 

Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцээд “түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж үзэн, УИХ-ын 45 дугаар тогтоол гаргасан. Харин уг тогтоолд  Ерөнхийлөгч хориг тавьсан бөгөөд УИХ хүлээн авсан. Тиймээс “УИХ-ын 2018 оны 45 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд заасны дагуу тус Байнгын хорооноос боловсруулаад байгаа юм. 

Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тогтоолын төсөлд тусгагдсан асуудлын эрх зүйн үр дагавар, шинэ нөхцөл байдлын талаар албан ёсны дүгнэлт намын бүлэгт ирээгүй байгаа, мөн энэ асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэх зайлшгүй шаардлагатай гэсэн үндэслэлээр ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Уг хүсэлтийг хуралдаан удирдагч хүлээн авснаар хэлэлцүүлэг ийн хойшиллоо. 

Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Н.Туяа
Холбоотой мэдээ