“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 34-өөс доошгүй хувийг нийт иргэдэд эзэмшүүлэх саналыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-28 19:07:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслөөр авсан УИХ дахь АН-ын бүлгийн завсарлагыг дуусгаж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр эцсийн хэлэлцүүлэг хийлээ. 

Уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг хоёр хоногийн завсарлага аваад байсан. Харин өнөөдөр тус бүлэг тогтоолын төслийг намрын чуулганаас өмнө батлах нь зүйтэй гэдэгт санал нэгдэж, завсарлагаа өнөөдрөөр дуусгаж байгааг бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдсэн юм. Улмаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийж, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулан шийдвэрлэв.

Тодруулбал, тогтоолын төслийн 1 дэх заалтын 5 дахь дэд заалтыг “6. Энэ тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад тусгагдсан биржээр арилжаалах бэлтгэл ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, 2018 онд багтаан УИХ-ыд танилцуулах”, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх” хэмээн өөрчлөн найруулж, дэс дугаарыг өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Мөн төслийн 2 дахь заалтаас “УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтыг хүчингүй болгох” гэснийг хасч, 2 дахь заалтыг “Эрдэнэс Тавантолгойгийн” гэж өөрчлөх, “УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтыг “Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдсантай нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 34-өөс доошгүй хувийг нийт иргэд эзэмших, нийтийн эзэмшлийн компани болгон өөрчлөн зохион байгуулах асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх” гэж өөрчлөхөөр саналын томъёолол боловсруулжээ. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх болов.
 
Н.Гантуяа
Холбоотой мэдээ