Украины Ерөнхийлөгч асан ОХУ-ыг шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-09 15:15:24

ТОКИО. /NHK/. Крымыг улсдаа нэгтгэсэнтэй нь холбогдуулан ОХУ-ыг Украины удирдагч асан шүүмжиллээ.

Леонид Кравчук хэлэхдээ, “Ерөнхийлөгч Владимир Путины засаг захиргаа олон улсын хуулийг үл хүндэтгэж байна” гэв.

Кравчук нь ЗХУ-аас тусгаар тогтносноос хойших Украины анхны ерөнхийлөгч юм.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Японд айлчлах үеэрээ “NHK” телевизэд ярилцлага өгчээ.

Өдгөө 81 настай Ерөнхийлөгч асан, “ЗХУ тарах үед Оросын Ерөнхийлөгч Борис Ельцин Крымыг Украины нэг хэсэг байхыг эсэргүүцээгүй” гээд, өнгөрсөн онд Крымыг Москва улсдаа нэгтгэсэнтэй холбогдуулан “Урьд нь Орос олон улсын хуулийг чухалчилдаг байсан. Харин Путины удирдлага дорх одоогийн засаг захиргаа илүү түрэмгий болж, олон улсын хуулийг дорд үзэж байна” гэсэн байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд