Төрийн тогтолцоог шударга болгоно гэдэг ч нааштай өөрчлөлт алга

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2018-08-15 10:38:01
Монгол Улс 1990 онд парламентийн засгалалтай, олон намтай, зах зээлийн эдийн засагтай төрийн тогтолцоог сонгон авсан билээ. Гэхдээ энэ тогтолцоог сонгодог утгаар нь бид авч чадсан уу, үгүй юү гэдэгт хүмүүс олон янзын хариулт өгсөн байх юм. Парламентийн засаглалыг Ерөнхийлөгчийнхөөр солих хэрэгтэй гэдэг байр суурь сүүлийн жилүүдэд хүчээ авч байгаа. Хүчээ авах нэг хэрэг. Шинэ засаглалын хэлбэрийг амьдралд зөв төлөвшүүлж авч явах нь  улстөрчдийн зан суртахуунтай салшгүй холбоотой байх нь ойлгомжтой.

Засаглалын хэлбэрийг өөрчлөнө гэхээсээ өмнө бид 1990 онд сонгосон парламентийн засаглалтай, төрийн тогтолцооны төлөвшлийн талаар авч үзэх хэрэгтэй болоод байна. Нэг үгээр хэлбэл сонгон авсан төрийн тогтолцооны мөн чанарыг бүрэн дайчлаагүй.  Мөн ямар нэг үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр засаглалын өөр хэлбэртэй, төрийн тогтолцоог сонгон авах юм бол  урьдах алдаагаа  дахин давтах болно. Ийм байдалд хүрэхгүйн тулд парламентийн засаглалтай, төрийн тогтолцоог олон талаас нь авч үзэх хэрэгтэй болохыг цаг үе биднээс шаардав бололтой. Харин энэ удаа парламентийн засаглалтай, төрийн  тогтолцоо ямар байдалтай байгааг  дээд боловсролын салбарт түшиглэн авч үзье.

Үндсэн хуульд “сурч боловсрох  эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” гэсэн заалт бий. 
Амьдрал дээр Үндсэн хуулийн энэ заалтын дагуу  дээд боловсролын салбар хувийн хэвшлээр хүрээгээ тэлж, маш их томорсон байна. Монгол Улсад эдүүгээ 96 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь 31 мянган хүний дунд нэг их, дээд сургууль ногдоно гэсэн тоон үзүүлэлт ээ. Тэгвэл Англид 70 мянган хүнд нэг их, дээд сургууль ногддог гэнэ. Англитай харьцуулахад манай улс хүн амд ногдох их, дээд сургуулийнхаа тоогоор нугарсан байх жишээтэй.
Их, дээд сургуулийн эргэн тойронд  олон үйл явдал,  олон асуудал тойрон эргэлдэж байдаг гэж хэлж болно. Төрийн их, дээд сургуулиуд төсвөөс санхүүждэг ч, оюутнаас өндөр сургалтын төлбөр авна. Хувийн их, дээд сургууль оюутнаас өндөр төлбөр авдаг ч, төрөөс оюутны тоогоор хувьсах зардал авч байх жишээтэй. Энэ хоёр үзүүлэлтээр аваад үзэхэд их, дээд сургуулийн ард асар их мөнгө, эрх мэдэл эргэлдэж байна гэж хэлж болохоор...

Парламентаар улсын төсөв хэлцэж байх явцад хувийн хэвшлийн их, дээд сургуульд хувьсах  зардал төсвөөс олгох асуудлыг зогсоох талаар УИХ-ын гишүүн Н. Учирал “ Хувийн сургууль оюутнаас өндөр төлбөр авдаг. Ийм байхад, төрөөс хувьсах зардал олгох шаардлагагүй” гэж хэлсэн юм. Гэвч УИХ-ын гишүүний эл үгийг үл тоон шууд батлаад явуулж байсан билээ. Энэ бол их, дээд сургуулийн ард эргэлдэх их мөнгө, улс төрийг санхүүжүүлж байгаагийн нэг илрэл гэж үзэх сэжгийг иргэдэд төрүүлэх юм билээ. Иргэд хардах эрхтэй. Тэгээд ч сургуулийн санхүүжилт (төлбөр) өөр зүйлд зориулагддаг талаар Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ)-ын Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган “турк сургуулийн сүлжээгээр олон улсад терорризмын санхүүжилт явж байгаа” тухай мэдээллийг дэлхий нийтэд зарласан билээ. Зарим улс орноос сүлжээ сургуулийн захирал, багш нар (Манай улсад ийм үйл явдал болсон. Гэхдээ хүн авч явж чадаагүй)-ыг барьсан явдал гарлаа.

Монголын их, дээд сургуулийн хамгийн өндөр төлбөртэйд Санхүү эдийн засгийн их сургууль (Санхүү эдийн засгийн техникум) 6 сая 500 мянган төгрөгөөр тэргүүлж байна.   Их, дээд сургуулийн эзэд бүгд улстөрчид, тэдний олонхи нь парламентийн гишүүн болон сонгогдож байсан хүмүүс гэж хэлж болно. Улс төрчид сургуульгүй юм гэхэд аль нэг их дээд сургуулийн хувьцаа эзэмшигч байх магадлал тун өндөр шүү дээ. Энэ өнцгөөс харахад, сургалтын төлбөр  хүүхдэд оруулж байгаа  хөрөнгө оруулалт байхаасаа илүүтэй улс төрийн санхүүжилт болж байх магадлалтай. Дээд боловсролын салбарт үүсээд байгаа энэ байдал төрийн тогтолцоонд шууд нөлөөлөн тэнд талцах, бүлэглэл үүсэх нөхцөлийг бүрдүүлээд байх боломжтой гэж зарим судлаачид хэлэх юм.

Ер нь парламентийн засаглалтай, олон намтай, зах зээлийн эдийн засагтай төрийн тогтолцоог (Ерөнхий сайдын эрх мэдлийг өргөжүүлэх, сонгуулийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулах гэх мэт) сонгодог утгаар нь эхнээс нь зөв төлөвшүүлж чадаагүй (1990-2018 он) улстөрчдийн бий болгосон төрийн тогтолцоо  “мах”-ны машин болох магадлал тун өндөр боллоо гэж иргэдийн зарим хэсэг нь хэлж байна.

Төрийн тогтолцоог шударга болгох талаар өнгөрсөн хугацаанд их ярьлаа. Харамсалтай нь ямарч өөрчлөлт гарсангүй. Иймд  иргэдийн өмнө нэн даруй тогтолцоогоо өөрчлөх үү, улстөрчдөө солих уу гэдэг хүндхэн сонголт гарч ирлээ. Энэ хоёр сонголтын аль нэгийг хийхгүй бол өнгөрсөн хугацаанд (1990-2018 он) бий болгосон, төрийн буруу тогтолцооны хайчинд хэдэн хүн золиослогдохыг өнөөдөр хэлэх боломжгүй. Нэг үгээр хэлбэл ЗТХЯ-ны хоёр залуугийн золгүй явдал дахин гарахгүй гэх баталгааг хэн өгөх вэ. УИХ уу, Засгийн газар уу? Энэ хүрээнд ёс зүйн хариуцлага тооцлоо. Гэвч энэ бол ажлын эхлэл болохоос төгсгөл биш байх болов уу. УИХ-ын гишүүд минь сайд болно гэж зүтгэх, сайдын ажил хийх хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа байна шүү. Иргэдийн итгэлийг хүлээгээд парламентад сонгогдсон юм бол сайд болох гэж зүтгээд хэрэггүй шүү дээ.  Г. Эрдэнэбат

Холбоотой мэдээ