ӨМНӨГОВЬ: Он гарсаар зам тээврийн ослоор 30 хүн амиа алджээ
Өмнөговь/МОНЦАМЭ/ “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт бүсчилсэн сургалт, зөвлөгөөнийг Даланзадгад хотноо 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.Сургалт, зөвлөгөөний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын алба хаагчдад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Тээврийн цагдаагийн албаны сургагч багш нар танхимаар Зам тээврийн хэрэг, ослыг шалгах ажиллагаа, Тээврийн хэрэгслийн болон авто замын аюулгүй байдалд тавих хяналт, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллагыг татан оролцуулах, хүүхдийг зам тээврийн ослоос хэрхэн сэргийлэх гэсэн сэдвүүдээр сургалтыг явуулсан бол Тээврийн прокурорын газраас Зам тээврийн хэрэг, ослыг шалгахад анхаарах асуудал сэдвээр цахимаар сургалтыг зохион байгууллаа.Өмнөговь аймгийн хэмжээнд 2022 оны байдлаар 210 зам тээврийн осол бүртгэгдэж 30 хүний амь нас хохирч, 28 хүн бэртсэн тоон үзүүлэлт гарчээ. Энэ нь жолооч нарын хариуцлагагүй байдал, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох, согтуугаар жолоо барьж хурд хэтрүүлэх, тээврийн хэрэгслийн гэрэл дохиог буруу ашиглах гүйцэд түрүүлэх үйлдлийг дүрмийн бусаар хийх зэрэг алдаа дутагдал их гаргадагаас үүдэлтэй. Энэхүү хариуцлагагүй байдлаас шалтгаалан амь насаа алдах, бие эрхтэнээрээ бэртэж хохирох аюулд орж байгааг албаны хүмүүс анхаарууллаа.
912 өдөр