АНУ дахь монголчууд хэвийн боовыг 7 доллароор худалдан авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-02-01 13:30:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд "Өгөөж чихэр боов" ХХК болон Гандангийн хэвийн боовыг нэг ширхэгийг нь 7 доллароор худалдан авч байна. Ноднин хэвийн боов зургаан доллар байсан тухай тэндхийн монгол иргэдийн цахим хуудсанд мэдээлжээ.
Гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд дундаас АНУ-д байгаа иргэд Цагаан сарыг илүү өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон. Улаанбаатарын
агаарын бохирдол, утаанаас дайжсан болон үр, ач нараа харах гэсэн хөгшид олон байдагтай энэ нь холбоотой хэмээн монгол иргэд бичсэн байна.

Монголчууд олноор суурьшдаг Вашингтон ДС, Сан Франциско, Лос-Анжелес, Чикаго зэрэг хотод жил бүр Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа нээдэг болсон бөгөөд "Өгөөж"- ийн 1.5 кг жинтэй, суурь еэвэн 20 доллар, “Зөв" аарц хайрцаг нь 10 доллар,  450 гр-аар савласан хорхой ааруул 15 доллар, Булганы Сайханы айраг 5 литр нь 125 долларын үнэтэй байгаа аж. Америкийн хонь нохой сүүлтэй байдаг учир монголчууд ууцны оронд хонины мах, өвчүү чанаж тавьдаг байна. Үзэсгэлэн худалдаанд өнөө жил монгол дээл, хувцас, хүүхдийн гутал урьд жилүүдийнхээс илүү их байгаа бөгөөд эх орондоо зарагддагаас мөн л үнэтэй байгаа аж. Сүүлийн үед залуус хөөрөг их сонирхдог болсон тул олон янзын хөөрөг мөн гүйлгээ сайтай байгаа гэнэ.

Түүнээс гадна, ааруул, аарц, өрөм, бяслаг зэрэг цагаан идээгээ өөрсдөө бэлтгэдэг гэрийн эзэгтэй нар ч АНУ дахь монголчуудын дунд олширчээ. Мөн шимийн архи нэрдэг, албан ёсоор үйлдвэрлэх зөвшөөрөлтэй монгол хүн ч байдаг юм байна.



Холбоотой мэдээ