Нийслэлийн 99 эм хангамжийн байгууллагад шалгалт хийж зарим тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-20 10:45:53
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 99 эм хангамжийн байгууллагыг хамруулан төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 38 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, зарим эм ханган нийлүүлэх төвийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүллээ.

Тухайлбал, стандартад заасан хүний нөөц, өрөө тасалгаа хүрэлцээгүй, эм шинжлэгч орон тоогоор ажилладаггүй "Эл Би Бэбис" ХХК-ийн 1-р зэрэглэлийн Бүжифарм эмийн сангийн зэрэглэл бууруулах саналыг НЭМГ-т хүргүүлж, эмийн сангийн зэрэглэлийг 2-р зэрэглэл болгон бууруулж тусгай зөвшөөрөлд тусгуулжээ. Түүнчлэн ариутгал халдваргүйтгэлийн журам зөрчсөн, хатаах шүүгээ нь ажиллагаагүй, мэргэжлийн бус хүн ажиллуулж байсан "Ананас" ХХК-ийн эмийн сангийн эм найруулах үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоож, хугацаатай албан даалгавар хүргүүлэн, зөрчлийг арилгуулжээ.

Хяналт шалгалтын явцад "Моносфарм трейд" ХХК, "Ай Ви Ко" ХХК, "МЭИК" зэрэг байгууллагуудад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм үйлдвэрлэх болон ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгох ёстой байтал хууль зөрчин таван жилийн хугацаагаар олгосон зөрчил илэрчээ.

Түүнчлэн үйл ажиллагаа явуулах ажлын байргүй, тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилд байгаагүй шалтгаанаар таван эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг ЭМЯ, НЭМГ-т хүргүүлэхээр болов. Ажлын байр, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаагүй, усны чанар, усны хангамжаас шалтгаалан эм найруулах үйл ажиллагаа явуулахгүй байгаа СХД-ийн "Монос Улаанбаатар" ХХК, "Тавин ус" ХХК-ийн эмийн сан, мэргэжлийн хүн хүчин дутагдалтай БГД-ийн "Азифарм" ХХК, "Бичил" эмийн сан, эм найруулах шаардлага хангасан өрөө тасалгаагаар хангагдаагүй БЗД-ийн "Оригмаг" эмийн сангуудын зэрэглэлийг бууруулах саналыг мөн НЭМГ-т хүргүүлээд байна.

Холбоотой мэдээ