Залуусыг бизнесээ эхлүүлэхэд дэмжлэг үзүүллээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-10-02 16:24:06

Хэнтий /МОНЦАМЭ/ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Хэнтий аймгийн хувьд 2017 онд 10 сая, 2018 онд 40,0 сая төгрөгийг залуучууддаа олгож байсан бөгөөд амжилттай хэрэгжсэн тул энэ онд санхүүжилт нэмэгдэж 150 сая төгрөг тусгагджээ. Тиймээс тус аймгийн ХХҮГ-аас хүсэлт ирүүлсэн 60 гаруй залуусыг сургалтад хамруулж, шалгаруулалт явуулснаар эхний ээлжинд зургаан баг шалгарч 60,0 сая төгрөгийн дэмжлэг авахаар болсон байна. Үүнд, Б.Жамъян ахлагчтай "MENI" иштэй ааруул сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр, М.Нямхүү ахлагчтай "Тэгш хэм" замаскны үйлдвэр барилгын материалын үйлдвэрлэлээр, Ц.Пүрэвхүү ахлагчтай "Гүнтэн" арьсан эдлэл, гар урлал чиглэлээр, Н.Золзаяа ахлагчтай "Амтат холимог бууз" мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр, М.Гантигмаа ахлагчтай "BeGaN&Foods" Нийтийн хоол үйлдвэрлэл /эрүүл хооллолт/ чиглэлээр, У.Басбиш "Boomerang” цахим контент, маркетингийн үйлчилгээ чиглэлээр тус тус авчээ. 

Эдгээр шилдэг санаа, санаачилгаараа шалгарсан залууст Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон ХХҮГ-ын дэд дарга Л.Батжаргал, Хѳдѳлмѳрийн хэлтсийн дарга Д.Баярмаа нар батламжийг гардуулан ѳгч баяр хүргэлээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд гарааны бизнес эрхлэх сонирхолтой, 15-34 насны ажил хөдөлмөр эрхлэх зорилго чиглэлтэй, хүсэл тэмүүлэлтэй, орон нутгаа хөгжүүлэх шилдэг санал санаачилгатай залуусыг дэмжин ажилладаг байна. Ингэхдээ эхлээд “Монголын үндэсний маркетингийн холбоо” байгууллагатай хамтран гурав хоногийн сургалт зохион байгуулжээ. Дараагийн шатанд шилдэг шинэ төсөл санааг шалгаруулж, 36 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг ийнхүү зургаан бүлэгт олгосон байна.

Мөн есдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр “Гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн сургалтыг дахин зарлаж, 30 гаруй залуус хамрагджээ. “Монголын үндэсний маркетингийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Мөнхбаярын хэлж буйгаарЭнэхүү сургалтын гол үр дүн нь 35 хүртэлх насны залууст шинээр ажлын байр бий болгохоос гадна цаг үеийн шаардлагад нийцсэн урьд өмнөхөөсөө илүү шинэлэг бизнес бий болгох, тэднийг дэмжсэнээр залуус өөрсдөдөө болон хүмүүст ажлын байр бий болгож, ажилгүйдлийн түвшинг бууруулах чухал ач холбогдолтой юм” гэлээ. Оролцогчдын бизнес санааны шинэлэг байдал, хэрэгжих байдал зэрэг шалгуур үндэслэлүүдээс шалтгаалан 10  сая төгрөгийн гарааны санхүүжилтийг хэдэн хүн авах нь шийдэгдэх юм байна. 

2017 онд "Meat house" багийн махны мухлаг төсөл 10 сая төгрөг, 2018 онд Н.Дүүрэнбилэг ахлагчтай "Элит" багийн “Нүүдлийн фермерт суурилсан чанартай ангилсан мах”-ны төсөл, Э.Нэргүйбаатар ахлагчтай “Хан хас” гар урлал, уламжлалт сийлбэр, модон эдлэлийн төсөл, Э.Отгонбаяр ахлагчтай “LEDO” багийн “Coffee shop”-ийн үйл ажиллагааг өргөтгөх төсөл, Р.Цэцэгсайхан ахлагчтай “Хязгааргүй” багийн “Гялс” хоолондоо багууд шалгарч 40 сая төгрөг авч байжээ.

Холбоотой мэдээ