“Хааны ордон”-ы музей дэх Монголын түүхийг номонд мөнхлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-09-22 17:25:49

Хубилай Сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд Тайванийн Үндэсний "Хааны ордон" музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” номыг өнөөдөр өлгийдөн авлаа.

Тус номонд Монголын Их эзэнт гүрний мандан бадралын цаг үетэй холбоотой түүх багтсан бөгөөд 300 орчим хуудастай, үндсэн дөрвөн том бүлэгтэй юм. Тухайн үеийн түүх, соёл, хаад, хатдын иш хөрөг, дээдсийн эдэлж хэрэглэж байсан хувцас зэргийг багтаасан нийт 200 гаруй өнгөт гэрэл зураг оржээ. 

Тайванийн “Хааны ордон” музейн захирал Сюй Сяодо хэлэхдээ, “Номын тайлбарыг дөрвөн хэлээр буюу уйгаржин монгол бичиг, шинэ крилл үсэг, англи, хятад хэлээр гаргая гэж хоёр тал тохиролцсон. Цаашид Монгол, Тайвань орон соёл урлаг, боловсрол гээд олон талд хамтран ажиллана гэж найдаж байна” гэв.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун тус номын дээжээс нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, БСШУЯ, Нацагдоржийн нэрэмжит номын сан, Олон улсын Монгол судлалын холбоо, Улаанбаатар хотын музей зэрэг байгууллагад  гардуулав.

Энэхүү номын нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, Тайванийн “Хааны ордон” музейн газрын захирал Сюй Сяодо нар оролцов.   

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд