Дулаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангахыг аймгийн Засаг даргад даалгалаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-03-26 15:18:35

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Булган сумын дулаан хангамжийн тухай асуудлыг хэлэлцээд аймгийн Засаг даргад дулааны эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагааг хангах арга хэмжээ авахыг даалгалаа.

            “Булган мээж” ОНӨХХК, Дулааны станцын өмчлөлийн асуудлын талаар холбогдох төрийн байгууллагад санал тавих, Булган сумын дулаан хангамжийг сайжруулах, хэрэглээний халуун усаар хангах арга хэмжээ авах, дулааны станцын хүчин чадлыг бүрэн ашиглах чиглэл баримтлахыг аймгийн Засаг даргад даалгав.

Булган сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дулааны эрчим хүчээр найдвартай хангах нөхцөл бүрдүүлэх, дулаан үйлдвэрлэх, түгээх үйлчилгээний талаар хууль, журмын хэрэгжилтийг хангах, хэрэглэгчдийн санал хүсэлтийг шийдвэрлэж зохион байгуулж байгаа ажилтай танилцах, дулаан хангамжийн талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулахад чиглэлээр аймгийн ИТХ-ын үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн хороо “Булган мээж” ОНӨХХК-д шалгалт хийсэн юм. Дулаан хангамжийг сайжруулах талаар аймгийн Засаг даргын Тамгын газраас зохицуулалтын арга хэмжээ авч байгаа ч “Булган мээж” ОНӨХХК мэргэжлийн байгууллагын зөвлөмж, Эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулах хорооны тогтоол, улсын байцаагчийн албан шаардлагыг хэрэгжүүлэх талаар хангалттай ажил зохион байгуулаагүй, Дулаан станц, “Булган мээж” ОНӨХХК-ийн хамтын ажиллагаа хангалтгүйгээс иргэд, албан байгууллагын ая тухтай ажиллах, амьдрах орчин бүрдүүлээгүй байна гэж шалгалтын ажлын хэсэг дүгнэсэн байна.

Өнгөрч байгаа өвөл Дулааны станцын хүчин чадлыг ашиглаж чадалгүй хуучин уурын зуухаа галлан хэрэглэгчдийг дулаанаар хангаж онд орсон нөхцөл байдлыг давтахгүйн тулд аймгийн ИТХ энэ асуудлаар хяналт шалгалт хийж, шийдвэр гаргасан байна.

Холбоотой мэдээ