Саудын Араб бие махбодийн шийтгэл ногдуулахаа болино

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-20 13:42:09

КАИР. /Al Arabiya/. Саудын Арабын Дээд шүүхийн зөвлөл гэмт этгээдүүдэд бие махбодийн шийтгэл ногдуулахаас татгалзахаар шийджээ. Гэсэн хэдий ч энэ нь зөвхөн зарим төрлийн гэмт хэрэгт хамааралтай болохыг Саудын Арабын Хууль зүйн яам цохон тэмдэглэжээ.


“Бие махбодийн шийтгэлийг шоронд хорих, торгууль ногдуулах юмуу өөр бусад аргаар орлуулна. Энэ талаарх шийдвэрийг шүүх бие даан гаргах болно” гэж Хууль зүйн яамны мэдэгдэлд дурджээ.


Зөвхөн зарим төрлийн гэмт хэрэг гэдэгт Шариатын хуульд заасан “тазир” төрлийн гэмт хэргүүд багтжээ. Үүнд хувь хүний шашин шүтлэг, нийгмийн эмх журам, ёс суртахуун, ашиг сонирхолд халдахтай холбоотой хүний эрхийг зөрчсөн хэргүүдийг хамруулдаг байна. Коран сударт ийм хэрэг үйлдсэн этгээдэд ямар хариуцлага тооцохыг тусгайлан заагаагүй байдаг аж. Энэ төрөлд багтдаг шийтгэлийн хэлбэрүүдийн нэгд толгойн алчуур зүүхийг хориглох, үс сахлыг нь албадан хусахаас гадна зодож, жанчих шийтгэл ордог байна.


Дээд шүүхийн зөвлөл ийм шийдвэр гаргах бодолтой байгаагаа 4 дүгээр сарын сүүлчээр мэдэгджээ. Саудын Арабад хийгдэж буй шинэчлэлийн хүрээнд хэдэн долоо хоногийн өмнө 18 нас хүрээгүй гэмт хэрэгтнүүдэд цаазын ял ногдуулахаа болисон тухай мэдээлсэн билээ.

 

Холбоотой мэдээ