"Тавантолгой түлш" компани татаасаар санхүүжих биш, бизнесийн зарчмаар ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-13 15:22:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, "Тавантолгой түлш" ХХК-ийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэсэн талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэв. 


Тодруулбал, "Тавантолгой түлш" ХХК-ийн 51 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК эзэмшиж үйл ажиллагааг нь хариуцах юм. Харин 39 хувийг нь ЭХЯ, 10 хувийг нь ТӨБЗГ хариуцахаар болсон байна. "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьд, 2018 оноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Тавантолгой түлш" ХХК-ийн үйл ажиллагааг санхүүжүүлж ирсэн. Тус компани энэхүү санхүүжилтэд өнөөдрийн байдлаар 372 тэрбум төгрөг зарцуулжээ. 


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлэхдээ, "Өнөөдрийг хүртэл нийгмийн хариуцлагын хүрээнд, иргэдийг тав тухтай, дулаан байх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах чиглэлд ажиллалаа. Одоо энэ компанийн ажлыг бизнест шилжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр, жил бүр татаасаар санхүүждэг байсан бол өөрөө бизнесийн орлогоороо оршин тогтнох боломж бүрдэнэ. Энэ нь бусад төрлийн түлш бий болгох, Улаанбаатараас гадна бусад орон нутагт шаардлагатай бүтээгдэхүүн нийлүүлэх, цаашид дэлхийн түвшинд түлш үйлдвэрлэх боломж байгаа зэрэг хандлагыг судалж, бизнесийг зарчмыг баримтлах боломжийг бүрдүүлнэ" хэмээв. 


Засгийн газрын хуралдаанаар, "Тавантолгой түлш" ХХК-ийн таван жилийн төлөвлөгөөг боловсруулж Засгийн газрын хуралдаан болон холбогдох бодлогын яамдад танилцуулах үүрэг өгчээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд "Эрдэнэс таван толгой" ХК Тавантолгойн ордоос гадна бусад ордод байгаа нүүрсийг дахин боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох, боловсруулж нэмүү өртөг шингээж чанартай бүтээгдэхүүн болгох чиглэлд судалгааны ажил хийжээ.  Тус судалгааны хүрээнд, "Эрдэнэс таван толгой" ХК гуравдугаар сарын 4-нд баталсан бизнес төлөвлөгөөний хүрээнд ажлаа тусгана гэдгийг онцоллоо.

Холбоотой мэдээ