“Монгол Улсад хөгжлийн шинэ загварыг бий болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-03-22 09:04:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрийн санаачилгаар “Монгол Улсад хөгжлийн шинэ загварыг бий болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр (2022.03.21) Төрийн ордонд боллоо.


Хэлэлцүүлгийн нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Монгол Улсын хөгжлийн бодлого тогтвортой байх эрх зүйн үндсийг бүрдүүлж өгсөн. Өмнөх 30 гаруй жил хөгжлийн бодлого уялдаа, холбоогүй тогтворгүй явж ирсэн. Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”-ийг хэрэгжүүлээд явж байгаа ч, хөгжлийн загвараа тодорхойлоогүй учраас дээрх бодлогын баримт бичиг санасан хэмжээнд хэрэгжихгүй байна. Хамгийн чухал нь, үндэсний онцлогт тохирсон хөгжлийн загварыг тодорхойлоход чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болж байна.



Энэхүү хэлэлцүүлэгт салбар бүрийн эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, эрдэмтэд оролцож байгаад баяртай байна. 1995 онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 1479 ам.доллартай тэнцэж байжээ. Тэртээ 27 жилийн өмнөх ижил гараанд байсан социалист тогтолцооны улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ эдүгээ 7-9 дахин нэмэгдсэн байна. Гэтэл манай дотоодын нийт бүтээгдэхүүн 4350.2 ам.доллартай тэнцэж байна. Энэ бол Дэлхийн банкнаас гаргасан судалгаа юм. Хөгжлийн загваргүй явж ирсэн учраас сөрөг үр дагавар гарч ирж байна” хэмээлээ.



“Монгол Улсад хөгжлийн шинэ загварыг бий болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийн эхний илтгэлийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр “Хөгжлийн загвар” сэдвээр тавив.


Тэрбээр, “Сүүлийн 30 жилийн хугацаанд манай улсад урт, дунд, богино хугацааны 570 гаруй хөгжлийн бодлогын баримт бичиг батлагдсан байна. Эдгээр баримт бичгүүд залгамж чанаргүй, уялдаа холбоогүй байсан. Өсөлтийг авчирсан өөрчлөлт бол хөгжил юм. Олон улсад хөгжлийн хэд хэдэн загвар байгаа ч хамгийн чухал нь өөрийн орны онцлогт тохирсон загварыг сонгож, нэн тэргүүнд эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй. Манай улсад “Монгол гэр” хэлбэрийн хөгжлийн загвар тохиромжтой” гэв. Тодруулбал, гэрийн хоёр багана нь Монголд байгаа нөхөн сэргээгдэх баялаг, хөдөө аж ахуй, мал аж ахуй. Гэрийн унь, ханыг Монголд үйлдвэрлэж, хийж, бүтээж, түүгээр дамжуулан баялаг бүтээж чадах салбарууд болох уул уурхай, аж үйлдвэр, барилга, сэргээгдэх эрчим хүч, тээврийн салбар бүрдүүлнэ. Харин тооно нь аялал жуулчлал бол гэрийн хаалга нь гадаадын хөрөнгө оруулагчдад үргэлж нээлттэй байж, тэднээр дамжуулан орчин үеийн шинэ эдийн засгийн бүх загварыг нутагшуулж, үсрэнгүй хөгжилд хүрэх боломжтой болох юм.



Үргэлжлүүлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн загвар, эдийн засгийн төрөлжилт, аж үйлдвэрийн бодлого, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар Монголбанкны ерөнхий эдийн засагч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (D.Sc) Д.Ган-Очир “Монгол Улсын хөгжлийн “загвар”-ын эрэлд: Өөрийн сургамж, бусдаас суралцахуй” сэдвээр илтгэл тавьж, хувь судлаачийн байр сууриа хуваалцлаа. 


Монгол Улсын өсөлтийг хязгаарлагч хэд хэдэн хүчин зүйлс бий. Тухайлбал, манайд санхүүжилтийн эх үүсвэр байгаа ч өсөлт нь цөөн салбарт бий болж байна. Хөрөнгө оруулалт нь уул уурхай, барилгын салбарын цөөн аж ахуйн нэгжид байна. Нөгөө талаар зардал өндөртэй, найдвартай бус тээврийн үйлчилгээ, гааль, татварын урт төвөгтэй процесс, өсөн нэмэгдэж байгаа авлига зэрэг шалтгааныг дурдаж болно. Эдгээр хязгаарлагч хүчин зүйлсийг хөнгөвчлөх нь тогтвортой, өргөн хүрээтэй өсөлтөд хүрэх замаа олоход тусална. Хөгжлийн нь нэг загварыг дагахаас үл хамааран Монголын хөгжлийн шинэ загвар нь төрөлжсөн эдийн засгийг бий болгох, чиг баримжаа нь “хүн төвтэй” буюу амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэх хэрэгтэйг тэрбээр илтгэлдээ онцлов.



Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Эмерит профессор, Ардын багш Т.Дорж нар хөгжлийн загварыг тодорхойлох арга замын талаар үг хэлж, санал, бодлоо илэрхийллээ. Мөн хэлэлцүүлэгт оролцогч судлаач, эдийн засагчид ажлын байрыг нэмэх, хүний хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхүйц төрийн бодлогын талаар асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 


Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрийн санаачилгаар зохион байгуулж байгаа уг цуврал хэлэлцүүлгийн дараагийнх "Төрийн зохицуулалт" сэдвийн хүрээнд болно гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ