Багш шавийн эрдмийн уулзалт зохион байгууллаа

ОРОН НУТАГТ | Булган
batjargal@montsame.mn
2022-05-19 17:39:56

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт АШУҮИС-ийн "Багш шавийн эрдмийн уулзалт’’ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Монгол Улсын дээд боловсролын хөгжилд АШУҮИС-ийн гүйцэтгэсэн үүргийг олон нийтэд сурталчлан таниулах, шинжлэх ухаан, түүн дотор анагаах ухаан, эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийн ололт амжилт, инновацыг түгээн дэлгэрүүлэх, төгсөгчдийн ажлын байран дахь тасралтгүй сургалтыг зохион байгуулж, багш шавийн холбоог бэхжүүлэх, орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, зөвлөгөөг үзүүлэхэд уулзалтын зорилго оршиж байна гэж аймгийн Засаг даргын газрын дарга Д.Алтаншагай ярилаа.

Энэ ажлыг 50-иад жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн уулзалтад АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал, анагаах ухааны доктор Б.Батбаяр, Монгол Улсын ардын багш, Академич, анагаах ухааны доктор, профессор Ц.Лхагвасүрэн, Монгол Улсын ардын багш, боловсролын ухааны доктор, профессор А.Гүрбадам, анагаах ухааны доктор, профессор Д.Уранчимэг, Д.Мөнхцэцэг, анагаах ухааны доктор, дэд профессор С.Оюунцэцэг, О.Болорсайхан, анагаах ухааны доктор М.Наранпүрэв, Б.Амгалан, Д.Ангармөрөн нар оролцож байна.

Аймгийн эрүүл мэндийн салбарт 801 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд тэдний төлөөлөгчтэй уулзалт зохион байгуулж, анагаахын шинжлэх ухааны салбарт гарч буй ололт амжилт, орчин үеийн оношилгоо, эмчилгээний талаар мэдээлэл өгч, санал солилцсон байна.

Холбоотой мэдээ