Сансрын нисгэгчид Булган аймагт зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-06-18 15:14:06

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн багийнхан зочилж байна.

Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.П.Савиных, Орос-Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн В.А.Бабушкин нар өнөөдөр Булган хотод хүрэлцэн ирж хүүхэд багачуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.  

ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибековт Булган аймгийн “Хүндэт иргэн” шагналыг аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ гардууллаа. Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа:

- Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн түүхэн үйл явдлыг манай аймгийнхан бахархалт өдөр болгон тэмдэглэж байгаад туйлын баяртай, бахархалтай байна гэлээ.

Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 6-р ангийн сурагч Э.Золбаярын “Сансраас дэлхий ямар харагдсан бэ?” гэсэн асуултад:

В.П.Савиных:

- Сансрын анхны нисгэгч Ю.А.Гагарин “Эх дэлхий ямар сайхан харагдаж байна вэ? Үүнийгээ хайрлаж хамгаалж явья” гэж хэлсэн.

Ж.Гүррагчаа:

            - Эх дэлхийгээ сансраас харахад үнэхээр сэтгэл бахадмаар тийм гоё өнгө, цэвэр цэмцгэр байдал илэрхийлдэг. Миний хэлэх дуртай нэг үг байдаг. Монголчууд гараг ертөнцийг “Уяхан замбуу тив” гэж агуу хэлсэн. Хаврын цэнхэр яргуй шиг харагддаг. Энэ гариг ертөнцөө, дэлхийгээ, орчин тойрноо хамгаалж байх учиртай гэсэн юм.













Холбоотой мэдээ