ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Булганд улсын төсвийн хөрөнгө оруулалтын 60,0 хувийг дэд бүтцийн салбарт зориулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-11-14 15:53:23

Булган /МОНЦАМЭ/ УИХ 2023 онд Булган аймагт улсын төсвөөс 42,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр баталсан.


Нийтдээ 93,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 33 бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ирэх жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 60,0 орчим хувь нь дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд чиглэх бөгөөд Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн хатуу хучилттай авто зам, Хутаг-Өндөр сумын үерийн хамгаалалтын байгууламж, Булган, Орхон, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын төвийн инженерийн хангамж, дэд бүтэц, Тэшиг сумын төвийн 35 кв-ын цахилгаан дамжуулах шугам зэрэг бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх болжээ.


- Ирэх жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ батлагдаагүй учраас аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, орон нутгийн төсвийн төсөлд хэмнэлтийн бодлого баримтлах зэрэг асуудал тулгарч байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Г.Давааням ярилаа.


Өнгөрсөн 9-р сард аймгийн ИТХ-аар баталсан аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөгөөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 35 төсөл арга хэмжээг шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан юм.

Холбоотой мэдээ